Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ өчигдөр (2019.03.28) баталж, баталсан өдрөөсөө хэрэгжиж эхлээд байна. Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн төслийг санаачилсан уг хууль шүүгчийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлнө, шүүгчид гаргасан шийдвэрийнхээ улмаас ажлаас халагдах нөхцөл бүрдэх нь гэх асуудал хөндөгдөж байгаа.
Хуульч, доктор Б.Гүнбилэг, МУИС-ийн багш, доктор О.Мөнхсайхан нарын хуульчид ч энэ асуудал дээр хамтран Үндсэн хуулийн цэцэд хандахаар бэлтгэж байгаа аж. Ингэхдээ иргэдээс гарын үсэг цуглуулах юм байна. Тэд одоогийн Ерөнхийлөгч бизнес эрхлэгч, улс төрч хүн учраас өрсөлдөгдөө дарах зорилгоор энэ хуулийг хэрэглэх эрсдэлтэй гэж үзэж байна. Мөн Ерөнхий прокурор орлогчоосоо бусад бүх прокурорыг томилох, чөлөөлөх эрхтэй. Иймд удахгүй шинээр томилогдох Ерөнхий прокурор халаа сэлгээ хийх эрсдэлтэй гэж үзэж байгаа юм байна.
ҮАБЗ-ийг Ерөнхийлөгч даргалж, ажлын албыг нь томилдог тул энэ хуулийг Ерөнхийлөгч бүрэн эрхтэй боллоо гэж хэлж байна. Ер нь ҮАБЗ хуулийн нэмэлтээр эрх мэдлээ урвуулан ашиглах вий гэсэн болгоомжлол хуульчдад байгаа аж.
Мэдээж эрүү шүүлт нь онц ноцтой гэмт хэрэг гэдэгтэй тэд санал нийлж байгаа бөгөөд шалгах ёстой гэдгийг үгүйсгээгүй юм. Гагцхүү Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд тусгасан шүүгчийн хараат бус байдлын тухай хамгаалалт үгүй болж байна гэж тэд үзэж байна.
УИХ-ын гишүүдэд үзүүлсэн бичлэгт ШШГЕГ-ын ажилтан Б хоригдлын өрөөнд орж, зүй бусаар авирлажээ. Гэвч Б одоог хүртэл ажлаа хийж байна.
Бас нэг ноцтой зүйл байгаа нь ҮАБЗ зөвлөмж гарган, хэн нэг шүүгчийг чөлөөлөх боллоо гэхэд зөвлөмждөө үндэслэлээ бичих албагүй, ямар шалгуураар тухайн шүүгч, прокурорыг чөлөөлөх, эсвэл томилох нь тодорхойгүй аж. Өчигдөр баталсан хуулиас харахад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудалд ч болгоомжилж байгаа гэнэ.