УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдааны төгсгөлд өчигдөр (2019.03.27) Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр дээрх хуулиудыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан бөгөөд энэ саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Тодруулбал, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8-д Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан гэж, 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт ҮАБЗ-ийн зөвлөмжийг ажлын алба Шүүхийн ерөнхий зөвлөлд нэн даруй хүргүүлнэ гэж нэмлээ. Мөн уг хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт “Түүнчлэн энэ тухай ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан бол заавал хэлэлцэнэ” гэсэн агуулгатай хоёр дахь өгүүлбэрийг нэмэв. Энэ хуулийг 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Мөн Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан гэж 4 дэх заалтыг нэмлээ. Энэ хуулийг мөн 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдрөөс дагаж мөрдөхөөр боллоо.
Авлигын эсрэг хуульд нэмэлт орууллаа. Уг хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийг дараах байдлаар өөрчлөн найруулахаар болов. АТГ-ын дарга, дэд дарга гэмт хэрэгт холбогдсон, түүнчлэн энэ хуулийн 31.2-т заасны дагуу баривчлагдсан бөгөөд УЕП түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал, эсхүл Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн зөвлөмжийг УИХ-д оруулсан бол уг саналыг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ. Энэ хуулийг мөн 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдрөөс дагаж мөрдөхөөр боллоо.
Эцэст нь УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг хаан үг хэлснээр хуралдаан өндөрлөв.