УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн (2019.03.27) нэгдсэн хуралдаан 20.00 цагт үргэлжилж, Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв.
Тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхоролыг нэр дэвшүүлэх тухай Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн саналыг хэлэлцлээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар сонгох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжин, Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг сонгож, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоол батлагдлаа.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нь 1986 онд Улсын Багшийн Их сургууль, 2003 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг төгсөж, 1985-1990 онд дунд сургуулийн багш, хичээлийн эрхлэгч, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны дарга, 1991-2000 онд Отгонтэнгэр Их сургуулийн ректор, 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн, 2004-2008 онд Отгонтэнгэр Их сургуулийн ерөнхийлөгч, 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүн, 2008-2009 онд Улсын Их Хурал дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, 2011-2014 онд Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, 2008-2019 онд Монголын Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн, 2012-2015 онд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга, 2014-2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, 2016-2017 онд Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд Боловсрол судлалын ухааны доктор, профессор Япон улсын Сока Их сургуулийн хүндэт доктор, ОХУ-ын Аюулгүй байдал хамгаалалт, эрх зүйн академийн профессор, Шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн, Монгол Улсын гавьяат багш юм.