Нийслэлээс 100 км хүрэхгүй газарт орших Хустайн нуруунд 1200 халиун буга нутагшиж байна. Анх 50 орчим байсан халиун буга Хустайн нурууг 1992 онд тусгай хамгаалалтад авснаас хойш тоо толгой нь эрс өсчээ. Гэвч бугын эвэр унахтай зэрэгцээд хулгайн анчдын “гүйдэл” эхэлдэг байна.
Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай гэсэн гурван сумын дунд 50.6 га газрыг хамран орших Хустайн байгалийн цогцолбор газарт эх нутаггаа устаад байсан тахийг нутагшуулсан.
Тахиас гадна халиун буга, бор гөрөөс, цагаан зээр, аргаль, тарвага, дорго, үнэг, хярс, мануул, шилүүс зэрэг 55 зүйлийн хөхтөн амьтан, цармын бүргэд, нөмрөг тас, шонхор, өрөв тас зэрэг 200 гаруй зүйлийн шувуу нутагладаг байна. Улаанбаатар хотод ойрхон хэдий ч ховор олон ан амьтантай тус цогцолбор газрыг сэтгүүлчдийн баг өнгөрсөн амралтын өдөр зорилоо.
Улаанбаатарт төрж өссөн, таван хошуу малаас өөр ан амьтан хараагүй шахам надад Хустайн байгалийн цогцолбор газрын ховор сайхан амьтдыг харах боломж олдсонд олзуурхсанаа нуух юун. Хусан ой нь устаж үгүй болсон ч сүрлэг харагдах нурууг дагаж тарваганууд дошин дээрээ гүйлдэж харагдана.
Хэсэг явсны дараа тахь, халиун буга, согоо, цагаан зээрийн сүрэг тайван идээшилж байгаатай таарсан нь зэрлэг амьтад амгалан тайван амьдрах орчныг Хустайн байгалийн цогцолбор газрынхан бүрдүүлж чаджээ.
Харамсалтай нь, халиун бугын хувьд хаврын энэ тарчиг цагтай зэрэгцэн амгалан тайван байдал нь алдагдаж, зүй бусаар хоргодох эрсдэл нэмэгддэг байна. Учир нь, халиун бугын цусан эвэр яг өдийд байгалийн жамаараа унахтай зэрэгцээд ашиг олох гэсэн хулгайн анчдын “ажил” эхэлдэг байна.
Тэд хаврын энэ тарчиг цагт турж эцсэн бугыг автомашин, мотоциклиор өртөөлөн хөөж, бахардуулан унагааж эврийг нь хөрөөдөх, чулуу, сүхээр хуга цохин авдаг байна. Бахардалгүй зугтаж чадсан нь шөнө нь хэвтэр дээрээ үхээд хонодог аж. Харин согоо нь өдийд хээлтэй байдаг тул айлгаж, үргээхэд л хээл алдах өндөр эрсдэлтэй.
Зөвхөн эврийх нь төлөө дэлхийд ховорт тооцогддог халиун бугыг үр төлтэй нь хөнөөдөг жигшүүрт энэ явдал жилийн жилд тохиолддог. Өнгөрсөн жил гэхэд л эврийг нь авахын тулд есөн бугыг хууль бусаар агнасан хэрэг гарсан байдаг.
Энэхүү зүй бус үйлдлийг зогсоохын тулд байгаль хамгаалагчид өдөр, шөнөгүй ажилласаар байна. Хустайн байгалийн цогцолбор газар 12 байгаль хамгаалагчтай. Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар үзэгдэх орчноос хамаарч уулын хээрт 50 мянган га-д нэг байгаль хамгаалагч байх нормтой.
Хустайн нурууны цогцолбор газарт 50 мянган га-д 12 байгаль хамгаалагч ажиллаж, нэг хүнд дунджаар 4000 га талбай ногддог байна. Тиймдээ ч хамгаалалт харьцангуй сайн болохыг тус газрын Хамгаалалтын албаны дарга Г.Ууганбаяр онцолж байлаа. Хулгайн анчдын арга нь нарийсч, улсын дугааргүй автомашинаар зугтдаг ч эцэст нь хэрэгтнийг олдог гэдгийг ч тэрбээр хэлж байсан юм.
Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, ахмад А.Манлай “Сүүлийн таван жилийн байдлаар хууль бус ангийн гэмт хэргийн гаралт өссөн. 2019 он гарснаас хойш 20хэргийг бүртгэн шалгаж байна. Тэр дундаа ховор амьтан болох халиун буга, хүрэн баавгайн эвэр, арьс, үсийг нь авах зорилгоор ихээр агнаж байна.
Эрүүгийн хуульд улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтныг агнасан, барьсан тэжээсэн, гаршуулсан, тэдгээрийн гаралтай эд эрхтэнг авсан, тээвэрлэсэн, хадгалсан бол 1-5 жил, нэн ховор амьтдын эд эрхтэнг авсан тохиолдолд 2-8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг” гэлээ.
Нэн ховор амьтныг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн судалгаа, шинжилгээний зориулалтаар агнаж, барьж болдог байна. Мөн тодорхой нутаг дэвсгэрт амьтдын сүргийн бүтцийг зохицуулах, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор тусгай байгууллага, агнах, барихыг зөвшөөрснөөс бусад тохиолдолд нэн ховор, ховор амьтдыг агнахыг хориглосон байдаг.
Ховор буюу нэн ховор амьтныг хууль бусаар агнаж байгаа иргэд ихэнхдээ эд эрхтнийг нь зарж борлуулах, улсын хилээр гаргах зэрэг ашиг хонжоо олох зорилго агуулдаг байна. Мөн шашны зан үйлд зэрлэг амьтны гаралтай эд зүйлийг ихээр ашиглаж байгаа нь гэмт хэрэг үйлдэх шалтгааныг өсгөдөг гэнэ.
Хустайн байгалийн цогцолбор газрыг дэлхийд үлдсэн цорын ганц зэрлэг адуу болох тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах хөтөлбөрийн хүрээнд анх 1992 онд байгуулжээ.
Дэлхийн байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны Зүйлийг авран хамгаалах комиссын Адуу судлаачдын баг тус бүрдээ үржлийн тахь нь 50-иас дээш, нийт тоо нь 250-иас олон 10 гаруй популяц бий болгохоор Монголд гурван газарт тахийг сэргээн нутагшуулсан нь Монгол Улс өнөөдөр дэлхий дээр хамгийн олон тахьтайд тооцогдоод байгаа юм.
Тус газрын захирал Ц.Дашпүрэв “Хустайн цогцолбор газарт 333 тахь байна. Өнгөрсөн онд тахийн сүрэг эрчимтэй өссөн. 62 гүү унагалснаас 41 нь бойжиж байна. Энэ нь сүүлийн 10 гаруй жил гараагүй амжилт гэж хэлж болно. Одоогоор үржлийн 34 сүрэгт хуваасан. Ирэх сарын 20-ноос унагалж эхэлнэ” гэв.
Хустайг дархан цаазат бусад газартай харьцуулахад харьцангуй бага газар нутгийг хамардаг. Мөн Улаанбаатар хоттой ойр оршдог учир орчны бүсэд малчин өрхийн тоо их аж. Тиймээс орчны бүсийн бэлчээрийн байдал доройтсоноос ойр хавийн малчид Хустайн байгалийн цогцолбор газрын хил давуулан малаа бэлчээдэг гэнэ.
Хустайн нуруунд ердөө 20-иодхон жилийн өмнө бэлчиж байгаа хонины нуруу харагдах төдий өндөр өвс, ургамалтай байсан гэдэг. Гэтэл өнөөдөр зуны дэлгэр цагт шагай хүргэх төдий өвстэй болсныг тус газрынхан хэлж байлаа. Тус газарт мал бэлчээрлэхийг хориглодог ч гурван сумын малчдын 80 гаруй, тавиултайгаа нийлээд 100 гаруй мянган мал байгалийн цогцолбор газарт бэлчээрлэж байгаагаас байгалийн тогтолцоо нь алдагдаж, бэлчээрийн доройтолд нэрвэгдэж байна.
Малчид энэ шалтгааныг үлийн цагаан оготно өссөнтэй холбон тайлбарлаж ирсэн. Тиймээс төр, засгаас үлийн цагаан оготныг устгахад улсын төсөвт жил бүр тодорхой хэмжээний хөрөнгө суулгадаг. Тэгвэл жилд дөрвөн удаа үржилд ордог, нэг удаа үржихдээ 5-9 зулзага гаргаж, асар хурдан үрждэг энэ амьтныг устгаснаар бэлчээр хамгаалахад нөлөөлөхгүй.
Учир нь, ганцхан зуны настай үлийн цагаан оготно өндөр өвстэй үед бие биенийгээ харж үржилд орж чаддаггүй, хэдхэн сар болоод л тоо толгой нь өсөлгүй байгалийн жамаар устдаг болохыг Хустайн байгалийн цогцолборт газрын Судалгаа, сургалтын албаны ургамлын биологич Ц.Цэрэндулам хэлж байлаа.
Тэрбээр “Нэг хонь өдөрт 1.5 кг хуурай өвс иддэг гэж тооцохоор 1000 хонь ганцхан өдөрт 1500 кг өвс иддэг гэсэн үг. Малчид байгалиас ийм их үйлчилгээ авч, бүгдийг үнэгүй хүртдэг хэрнээ хамгаалах талд хэтэрхий хойрго ханддаг. Ялангуяа цогцолборт газрын хилийн урд хэсгээр малчид малаа оруулдгаас бэлчээрийн доройтол дээд цэгтээ туллаа.
Энэ байдал удаан үргэлжилбэл экологийн сүйрэл бодитоор нүүрлэх аюултай. Энэ мэт доройтол, сүйрлээс хамгаалахын тулд малын тоо толгойг бууруулах талаар онцгой анхаарч, өсгөж үржүүлснийг нь шагнах бус цөөн тооны чанартай малтайг нь дэмжих бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй” гэлээ.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин