УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр (2019.03.27) дахин мэдээлэл хийлээ. Тус бүлэг өчигдөр Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн хуулийн төсөл дээр чуулганы хуралдаан дээр байр сууриа илэрхийлж мэдэгдэл гаргасан байгаа. Тэд дээрх хуулийн төслийг Үндсэн хуулийн халдашгүй байдалд шууд хуулийн өөрчлөлт хийхээр орж ирж байгаа нь хүлээж авах боломжгүй үйлдэл гэж харж байгаа гэдэг тайлбарыг өгч байна.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат энэ талаар цааш хэлсэн үгэндээ “Үндсэн хуулинд шүүх, прокруорыг хэрхэн яаж томилох вэ гэдэг асуудлыг тодорхой заасан, засаглалын дөрөв дэх хэлбэр гэж онцгой тодорхойлсон байгаа. Үүнийг зөрчиж хуулийн төсөл оруулж ирж байгааг бид буруу гэж харж байгаа юм. Хэрэв энэ хууль батлагдах юм бол Монгол улсын ардчиллын баталгаа алдагдах нь ойлгомжтой. Ардчилсан улс орноос дарангуйллын хэлбэрт шилжих эхний алхам болж байна. Ардчиллыг устгах үйл явцыг хуулийн өөрчлөлтөөр хийж болохгүй. Ард түмний тунхагласан энэ хуулийн заалтыг хэн нэгэн улс төрчид өөрийн эрх ашигт нийцүүлж өөрчилж болохгүй. 37 оныг давтахгүй, бид үүнийг хийхгүй гэсэн мөртлөө өөрийн үйлдлээр хийж байгаагаа мэдрэх чадваргүй болсон байна. Үнэхээр УИХ-ын дарга Их хуралтайгаа энэ байдал руу гулсан барьцаалагдсан маягтайгаар орох юм бол Монголд төрийн эрх барих дээд байгууллага байхгүй болно. Өчигдрийн үйл явц АН-ыг тараах нь зөв юм байна гэж өмнө нь илэрхийлж байсан байр суурь үнэн юм байна гэдгийг нотолсон. УИХ, Засгийн газрын сүүлийн үйл ажиллагаа бүхэлдээ шүүхийн үйл ажиллагаа болж хувирсан. Эцэст нь шүүхийг өөрийг нь шүүж эхэлж байгаа. Их хурлын дарга ҮАБЗ-д давхиж ороод Их хурлынхаа, Үндсэн хуулийнхаа эрх ашгийг зөрчиж бусдын аманд орж энэ асуудал руу их хурлыг хөтөлж оруулж байгаад бид харамсаж байна. Их хурлын дарга ҮАБЗ-өөс гарах хэрэгтэй. Өнөөдөр үнэхээр аюулын дохио зарлаж эхэллээ. Хэн нэгний амиа бодсон аминч чанар, өөрийн хэргийг нуун дарагдуулах гэсэн увайгүй зан энэ улс төрд байх цаг, орон зай өнөөдөр байхгүй болсон. Нийгэмд ялгарал явагдах нь. Коммунист нь коммунистоор, фашист нь фашистаараа, ардчиллагчид нь ардчилладаг энэ ялгаралаар явж байгаа” гэв.
Дараа нь УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж мөн эрх баригчдад хандаж үг хэллээ. Тэрээр:
-Энэ 60 тэрбумын сүлжээгээр УИХ, Засгийн газар бүрдсэн. Үүнийгээ Ардын намын дарга нь хүлээн зөвшөөрсөн. М.Энхболд гэдэг хүнийг Ерөнхийлөгч болгохгүйн тулд 21 удаа Их хурал дээр шүүмжилж байсан юм. Гэтэл намайг хамгийн их эсэргүүцэж хашгирдаг байсан хүмүүс тэр 60 тэрбумын үлдэгдэл гэж ярьж байна. Яасан ичдэггүй юм бэ. Өнөөдөр ЖДҮ-дээ барьцаалагдсан гишүүд Засаглалын хэм хэмжээг эвдэхээр явж байна. Тэр хүмүүс ҮАБЗ-өөс зөвлөмж гарсан нэрээр ЖДҮ-г баллуурдах гэж байна. Тийм учраас АН тусгаар тогтнол, хувь хүний эрх чөлөөг эрхэмлэн тэр бүх хуулийн өөрчлөлтүүдийг эсэргүүцэхээ илэрхийлж байгаа юм.
ЖДҮ-ээр барьцаалагдсан тэр хүмүүст хандаж зөвлөе. Та бүхэн тун удахгүй урвагчаараа дуудуулна. Түүнээс сэргийлэх хэрэгтэй. Хөөрхий минь та нар ядарч байгаа байх. Би хаврын чуулган эхлэнгүүт ЖДҮ-ийн гэмт хэрэгт холбогдсон тэр хүмүүст зориулж хуулийн өөрчлөлт хийж өргөн барья даа. Та нарыг гэмт хэргээс чөлөөлөх хуулийн заалт оруулж өгөхөөс. Тэгэхгүй бол болохгүй нь. Үндэсний аюулгүй байдалд ноцтой зүйл учирч байна. Иймд сонор сэрэмжтэй байхыг ард түмэндээ уриалж байна гэлээ.
Ингээд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-МАНАН мафийн бүлэглэл хөгжлийг чөдөрлөж байна гэдгийг төрийн түшээд та бүхэн их хэлдэг. Хонгилыг нураахын тулд ямар гарц гаргалгаа хэрэгтэй гэж үзээд байгаа юм бэ. Хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг солих гэж хэд хэдэн удаа оролдоод дийлээгүй. АН ардчилал үгүй болж, дарангуйлал үүсэх нь гэж ярьж байна. МАНАН мафийн гараас гарах ямар арга байгаа гэж харж байна?
-АТГ, прокурор, шүүхийн дарга нар өргөдлөө өгөөд явах хэрэгтэй. Энэ нөхдөөс болж засаглалын асуудлыг хямрааж болохгүй. Хамгийн хурдан гарц нь тэр байна. Эрх барьж байгаа 65 суудалтай нам Үндсэн хуулийг ч өөрчилж чадна. Гэвч тал нь хүсэхгүй байна. Тусгай хяналтын дэд хороо ажиллахгүй байна. Хэрэв хүсвэл эрх мэдэл нь байгаа. АН-ынхан хувь хүмүүсийг хэлмэгдүүлж байгаа, гэмт хэрэгт орооцолдуулж байгаа, хувь хүний амьдралаар нь тоглож байгаа асуудлыг дахиж гаргахгүй байх ёстой. Ингэхийн тулд хуулийн орчинг яаралтай бүрдүүлэх хэрэгтэй. Яагаад реформ хийхийн төлөө явахгүй байгаа юм бэ?
-Н.Энхбаяр гэдэг хүнийг баривчлахад иймэрхүү үйл явц болсон. Олон нийтийн зарим хэсэг нь АН-ын бүлгийн шийдвэр, намын хийж байгаа үйлдэл нь Ц.Элбэгдоржийг хамгаалаад байгаа юм биш үү гэж дүгнээд байгаа юм. Энэ дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Хууль бус баривчилгааны тухай ярьж байгаа. Энэ нь сүүлийн 20 жилийн турш яригдаж байгаа зүйл. Эрүү шүүлт, хууль бус баривчилгаа байсан гэдгийг бид үгүйсгээгүй. Энэний нотолгоог ч зарим улс төрчид гаргаж тавьж байсан. Тэр үед нь дарагдаад л өнгөрч байсан.