УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох шинэ хавтаст хэрэг АТГ-т нээгджээ

2019-03-27 11:02
nomtoi

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа тойрогт хуваарилсан хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэргээр Н.Номтойбаярыг АТГ шалгах гэж байгаа сураг байна. Тус газрын Мөрдөн шалгах хэлтэст ийм мэдээлэл ирсний дагуу хэрэг бүртгэлт эхэлсэн гэж эх сурвалжууд мэдээлэв.

2018 онд Дорнод аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар 16 мянган тонн буюу 245 сая төгрөгийн үнэтэй нүүрсийг зорилтот бүлгийн иргэдэд өгөхөөр болсон аж. Гэвч нүүрсийг зорилтот бүлгийн гэр хорооллынхноос гадна орон сууцанд амьдардаг иргэдэд ч олгогджээ.

Нүүрсийг “Дорнод МАК” компанийн нүүрсний уурхайгаас үнэгүй олгоно” гэсэн эрхийн бичиг тараасан юм байна. Хэрэг явдлыг хуулийн байгууллага УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тойрогтоо зарцуулах санхүүжилтийг хамаарал бүхий компаниаараа дамжуулан, давуу байдлаа ашиглан олгосон байж болзошгүй гэж үзээд хэрэг үүсгэж байгаа гэнэ.