Монгол Улс Швейцарь улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй. Монгол Улс өнөөдрийн байдлаар иргэний болон эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх 20 орчим гэрээг л гадаадын улс орнуудтай байгуулсан байдаг аж. Тиймээс манай хууль хяналтынхан тухайн улс орнуудад очоод мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй.
НҮБ-ийн Авлигын эсрэг конвецид заасан эрх зүйн боломжийг үндэслэл болгон тухайн конвецид нэгдэн орсон улс орнуудын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах чиг үүрэг бүхий байгууллагатай АТГ хамтран ажиллаж байгаа юм. Энэ боломжийн хүрээнд АТГ-т тодорхой хэргүүд дээр нотлох баримтууд ирж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, тухайн улсын мөрдөн шалгах байгууллагатай хамтарсан санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулаад, түүний үр дүнд бэхжүүлэн авсан нотлох баримтууд ирж байгаа гэдгийг АТГ-аас мэдэгдсэн юм. Уг баримтууд ГХЯ-аар дамжин, Прокурорын газар хянагдаад өнгөрсөн баасан гарагийн орой АТГ хүлээн авчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрт холбоотой нотлох баримтыг өгөх эрх нь нээлттэй байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд С.Баярцогт зарим нэг материалыг өгсөн байна. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохих журмын дагуу олж авсан нотлох баримт л нотлох баримтад тооцогддог аж.
С.Баярцогт 700 гаруй хуудас материалыг АТГ-т сайн дураараа гаргаж өгсөн гэж мэдээлэл хийсэн. Эдгээр материалыг АТГ-т хүлээлгэн өгсөн гэдгээ нотлохын тулд өөрийн Gmail хаягаар АТГ-ын ажилтан руу 2019 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр явуулсан мэйлээ үзүүлж байсан юм. Харин түүний материалууд дээр дурдсанаар нотлох баримтад тооцогдохгүй нь бололтой.