Нийслэл

Нийслэлийн ИТХ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо хуралдлаа

Нийслэлийн ИТХ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо өнөөдөр /2019.03.26/ хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн ажлын явцтай танилцаж, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын тухай танилцуулгыг сонсов.

Засгийн газрын 62 дугаар тогтоолд нийслэлд байрлах эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, мөн Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс бусад төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс худалдахыг хориглосон байгаа. Тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд тодорхой ажлууд хийгдэж байна. Тухайлбал нийт долоон шалган нэвтрүүлэх постод улсын 24 байцаагч ажиллуулахаар төлөвлөсөн.

Мөн аж ахуйн нэгжүүдэд нүүрсний татан авалт хийх хуваарь гарган ажиллах болно гэдгийг холбогдох албанаас мэдээллээ. Түүхийн нүүрсний хэрэглээг хориглосонтой холбогдуулан хяналт шалгалтыг тогтоолд тусгасан хугацаанаас эхлэн хийхээр төлөвлөжээ. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлын явц болон төлөвлөгөөг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны дарга Ч.Гантулга танилцуулав.

Тэрээр “Төлөвлөгөөний дагуу найман чиглэлд 32 ажил хийгдэнэ. Дээрх ажлыг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд айл өрх болон аж ахуйн нэгжийн хэрэглээний бодит судалгааг гаргаж түүнд тулгуурлан ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна” хэмээн онцолсон юм. Хуралдааны төгсгөлд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, хурлын Байгаль орчин ногоон хөгжлийн хорооны дарга Л.Нарантуяа ажлын хүрээнд гарч буй тоон болон бусад мэдээллийг тодорхой болгох, хэрэгжсэн ажлын үр дүнг нарийвчлалтай тайлагнах зэрэг ажил үүргийн чиглэл өглөө.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close