УИХ-ын ээлжит бус чуулганаар найман асуудлыг хэлэлцэж, өнөөдөр хаалтаа хийхээр товлосон байсан ч дөнгөж сая Уих-ын даргын захирамжаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр нэмжээ.
Тиймээс хуулийн төслийг намын бүлэг, Байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болсон талаар УИХ-ын Тамгын газраас мэдээлсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр буюу гуравдугаар сарын 25-ны өдөр хуралдаж, бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх заалтыг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгасан байна.
Энэ дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан өргөн мэдүүлсэн бөгөөд өнөөдөр Засгийн газар хуралдаж, дэмжсэн байна. Хуулийн төслийн танилцуулгад хуулийн төслийг НЭН ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭХИЙГ ХҮССЭН бөгөөд тов тогтоолгох хүсэлтээ УИХ-ын Тамгын газарт өнөөдөр өгсөн байна. УИХ-ын дарга Г.Занданшатар, “Хууль, шүүхийн байгууллагын албан тушаалтнуудын ёс зүйгүй байдал хэрээс хэтэрсэн нь Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байна.
Тиймээс ҮАБЗ зөвлөмж гаргаж, “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгасан. Үүний дагуу өргөн баригдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх захирамж гаргалаа” хэмээжээ.