Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн гуравдугаар сарын 10-24-ний өдрүүдэд Осака хотод болж, их аварга Хакүхо М.Даваажаргал 15 даваатай түрүүлсэн. Тэмцээний сүүлийн өдөр Хакүхо Какүрюүг хүнд барилдаанаар давсан. Тэрбээр шагнал гардуулах үеэр багагүй зовиуртай байгаагаа хэлж байсан юм. Тэгвэл өнөөдөр болсон хэвлэлийн хуралд их аварга Хакүхо оролцох үеэрээ “Хаврын тэмцээнд итгэл дүүрэн ялалт авсандаа баяртай байна.
Баруун гарны шөрмөс тасарсан байж магадгүй. Эмчилгээ хийлгэж, тойргийн барилдаанд гарах эсэхээ удахгүй хэлнэ” гэжээ. Хаврын тэмцээний дараа болдог тойргийн барилдаан гуравдугаар сарын 31-нд эхлэх бөгөөд их аварга Хакүхо оролцох эсэх нь 3-4 хоногийн дараа тодорхой болох юм байна.
2018 оны есдүгээр сарын тэмцээнд түрүүлснээс хойш Хакүхо хоёр тэмцээнийг бэртлийн улмаас өнжсөн. Тэгвэл 2019 оны гуравдугаар сарын тэмцээнд түрүүлж, 42 дахь түрүүгээ хүртэж, Хэйсэй тооллын сүүлийн тэмцээнд түрүүлснээр онцлог болжээ.