Агаарын бохирдлыг бууруулах бодлого, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бий болгохын тулд нийслэлээс Зорчигчийн вагоны галлагааны зуухнаас гарах утааг бууруулах дэвшилтэд шинэ технологийг нэвтрүүлэх туршилтын ажлыг хэрэгжүүлэхээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-тай хамтран зохион байгуулахаар болсон билээ.
Энэ хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, гүйцэтгэгч компаниар Япон улсын “Эм Ай Эс” компани шалгаран гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ. Агаарын бохирдлыг бууруулсан шинэ дэвшилтэд технологид суурилсан галлагааны зууханд тавигдсан шүүлтүүр бүхий вагоныг төмөр замын тээвэрт өнөөдрөөс явуулахаар болоод байна.
“Нийслэлчүүд та бидний өмнө тулгамдсан асуудал бол агаарын бохирдол. Улаанбаатар төмөр замын зорчигчийн вагонууд нь галлагааны улиралд 10 мянган тонн түүхий нүүрс хэрэглэж байна. Энэ хэмжээгээрээ ойр орчимдоо агаарын бохирдол үүсгэх, иргэд, оршин суугчдыг хордуулах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг. Япон улсын “Japan Flare” төхөөрөмжийг 20 вагонд тавьж анх удаа туршиж үзэх гэж байна.
“Эм Ай Эс” компанийн хэрэгжүүлж буй хорт утааны агаарын шүүлтүүр болох “JAPAN FLARE” төхөөрөмж нь зууханд дутуу шатсан угаарын хийг яндангаар гарах явцад өндөр дулааны хүчээр шатааж, түүнд агуулагдаж байгаа нарийн тоосонцорын хэмжээг бууруулдаг дэвшилтэд технологи. Утааг бодитоор бууруулж байгаа нь батлагдсан учраас цаашдаа энэ ажлыг үргэлжлүүлэн хийнэ” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ярилаа.
Төслийн хүрээнд эхний ээлжинд 20 вагоны янданд “Japan Flare” төхөөрөмжийг суурилуулж байгаа юм байна. Уг төслийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дэмжиж эхний 10 галт тэргэнд суурилуулах төхөөрөмжийн 140 гаруй сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэж өгсөн бол үлдсэн 10 вагонд Улаанбаатар төмөр зам ХНН өөрсдийн хөрөнгөөр суурилуулж байгаа аж.
Улаанбаатар төмөр зам ХНН нь зорчигчийн 282 вагоноор олон улс болон орон нутгийн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг байна. Галлагааны улиралд вагонуудад дунджаар 10 мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг байна. Энэ нь 3500 айлын яндангаас гарах хэмжээний агаарын бохирдлыг бий болгодог гэдгийг мэргэжлийнхэн хэлж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.