Монголын кикбоксын шилдэг дөрвөн тамирчин ирэх сарын 6-нд “Аса” циркт “Zev Fight Night” халз тулаанд хүчээ сорино. Тэмцээнийг холимог тулааны “Зэв” холбооноос анх удаа зохион байгуулж буй юм байна. Энэ талаар өнөөдөр (2017.04.24) тус холбооны капитан Асашёорюү Д.Дагвадорж, Зэв холбооны Удирдах зөвлөлийн гишүүн “Херо” энтертайментын найруулагч, захирал Б.Баатар нар хэвлэлийн бага хурал хийх үеэр мэдээллээ. Тэмцээнийг олон улсын К-1-ийн мэргэжлийн хоёр шүүгч дэнслэх аж. Кикбоксын тамирчид 64, 67 кг-ын жинд тус тус өрсөлдөх юм байна.
Тулааны 64 кг-д “Бүгэнжюкү” клубын тамирчин Д.Батгэрэл, “Heros”-ын Н.Бат-Эрдэнэтэй, “Гаруда” клубын Б.Гантогтох, “One Team”-ын Г.Энхбаяртай хүчээ үзэх юм. Мөн 67 кг-д “Ирвэс” клубын Н.Отгонбаатар, “Мандал файтинг”-ын Г.Мөнх-Одтой, “Бурхан халдун” клубын А.Мөнхбаатар, “Ихэр бээлий”-гийн Э.Батбаяртай тулалдах аж. Энэ тулаанаас шалгарсан шилдэг хоёр тамирчин ирэх сарын 28-нд Японы Нагоя хотод болох “Stand Fighting Network K-Ing” олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болох гэнэ. Тэдэнд Голландын алдарт тамирчин, Дэлхийн хүнд жингийн дөрвөн удаагийн аварга Эрнесто Хоост семинар өгөхөөр болжээ.