Түгжрэлийг бууруулах зорилгоор Олимпийн гудамж буюу Хүүхдийн паркий зүүн талын замын хөдөлгөөнийг түр хугацаагаар нээгээд байсан бол барилгын ажил эхэлж байгаатай холбоотойгоор 24-ний шөнө хааж, өнөө өглөө гэхэд хаасан байхаар төлөвлөжээ. Энэ үеэр Нарны замын хөдөлгөөний урсгал хэвээр явагдах ба иргэдийн хэлж заншсанаар 13-ын шинэ зам буюу Натурын гудамжийг хаахгүй юм.
Замын цагдаагийн урд талын уулзварт 477 метр урт гүүр барина. Байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу үргэлжилсэн их усархаг бороо орохгүй бол наймдугаар сарын 25 гэхэд үндсэн 477 метр урт гүүрийг нээнэ. Гүүрийн нийт барилгын ажил аравдугаар сарын 1-ний өдөр гэхэд төлөвлөгөөний дагуу дуусна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра мэдээлсэн.
Хөдөлгөөнийг хаах маршрутад өнгөрсөн жилээс өөрчлөлт орохгүй бөгөөд Нарны зам, Дамдинсүрэнгийн гудамж, Авто замчдын гудамжны хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Харин авто замын хөдөлгөөнийг хааж байгаатай холбогдуулан замын ачаалал, түгжрэл ихэснэ. Хөдөлгөөн хэвийн үргэлжлэх замуудад зарим жолооч нар урсгал сөрөх, эгнээ нэмэх зэрэг байдал ажиглагддаг. Үүнээс үүдэн осол гарах, зохиомол түгжрэл үүсэг асуудал нэмэгддэг учраас жолооч нарыг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой, бусдыгаа хүндэтгэн оролцохыг уриалж байгаа юм.
Замын цагдаагийн гүүрэн гарц нь нийт 96 тулгуур баганатай, 477 метр урт гүүр. Энэ жил бороо, ус багатай бол наймдугаар сарын 25 гэхэд гүүрийг нээнэ. Нийт барилгын ажил төлөвлөгөөт хугацаандаа буюу 9 дүгээр сарын 30 гэхэд дуусэж гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн хүлээн авна гэж тооцоолжээ.