УИХ-ын чуулганаар өнөөдөр (2019.03.22) Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төсвийн байнгын хороо уг хуулийн төслийг чуулганы хуралдааны өмнө хэлэлцэсэн юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан санал гаргах гишүүн байгаагүй тул УИХ-ын чуулганы хуралдаанаас хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед өгсөн чиглэлийн дагуу боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёоллоор Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3-т “нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн” гэсний дагуу санал хураалт явуулсан. Тухайлбал, Ажлын хэсгээс хуулийн төслийн 5 дугаар зүйлийн 5.1.7 дахь хэсэгт “гэрээ байгуулах баталгаажуулах” гэснийг “гэрээ байгуулах, хариуцлагатай оролцоог баталгаажуулах” гэж өөрчлөх, хуулийн төслийн 20 дугаар зүйлийн 22.7 “тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар тус тус дэмжсэн юм.
Тус хуулиар худалдан авах ажиллагаанд оролцогчдыг сонгон шалгаруулахдаа тухайн компанийн санхүүгийн чадавхаас илүүтэй тухайн бараа, ажил үйлчилгээг үзүүлэх мэргэжлийн багийг сонгон шалгаруулдаг байх, тэдэнд давуу эрх олгодог байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох боломжтой хэмээн үзжээ. Үүний зэрэгцээ ТЭЗҮ бэлэн биш, зураг төсөв нь батлагдаагүй, газрын зөвшөөрөлгүй, дэд бүтцэд холбогдоогүй төсөл арга хэмжээг төсөвт тусгаж баталдаг, Төсвийн болон Барилгын тухай хуулийг зөрчдөг байдлыг халах эрх зүйн зохицуулалтыг бий болгох боломж бүрдэх аж.
Түүнчлэн тендерт шалгарсан боловч чанаргүй ажил гүйцэтгэдэг компаниудын “хар жагсаалт”-ыг нийтэд ил тод зарлах, худалдан авах ажиллагаанд оролцох эрхийг нь хасах юм байна.
Ийнхүү УИХ-ын чуулганы хуралдаанаар гишүүдийн 86 хувь нь дэмжсэнээр тус хуулийн төсөл батлагдлаа.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу тендерийн хууль нь анх 2005 онд батлагдсанаар төрийн худалдан авах үйл ажиллагаа хуулийн нэгдсэн зохицуулалтад орсон бөгөөд хуулийн хэрэгжүүлэх шатанд нийт 20 гаруй нэмэлт, өөрчлөлт орсон байдаг.