Төв аймгийн Заамар суманд алт олборлох үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” компанийн уурхайд болсон ослын талаар МХЕГ-ын албан ёсны дүгнэлт гарчээ. Энэ талаар өнөөдөр 18.00 цагт МХЕГ мэдээлэл өглөө.
МХЕГ-ын Хөдөлмөр нийгэм хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн дарга н.Төгсбаяр, Геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга н.Батмөнх-Эрдэнэ нар доорх тайлбарыг өглөө.
Геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга н.Батмөнх-Эрдэнэ: МХЕГ-аас Төв аймгийн Заамар сумын нутагт тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эко Алтан Заамар” ХХК-ийн үйл ажиллагаанд хуулийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн 9 заалттай дүгнэлтийг 2019 оны 3 дугаар сарын 18-нд гаргасан.
Уг дүгнэлтийг 3 сарын 19-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад “Арга хэмжээ авч ажиллах тухай” албан бичгээр хүргүүлсэн байгаа. Уг дүгнэлтэд юу багтсан бэ гэхээр:
“Эко Алтан Заамар” Геологи уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас томилогдсон Улсын комисст комисст уул уурхайгаа хүлээлгэж өгөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулсан байгаа.
Мөн дээр нь ТЭЗҮ-г шинээр боловсруулаад, уг ТЭЗҮ-ийн дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгүй үйл ажиллагаа явуулсан байгаа. ТЭЗҮ-д заагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй. Мөрдөгдөж байх уулын ажлын хэмжээсүүдийг баримталж ажиллаагүй ийм зөрчлүүд байгаа.
Мөн дээр нь энэ уурхай ТЭЗҮ хийхэд гидрогеологийн усны судалгаа хийгдсэн байх ёстой. Энэ судалгаагаар гүний ус 51 метрийн гүнд илэрддэггүй гэсэн байдаг. Энэ уст үеийн талаар ТЭЗҮ-д усыг хэрхэн зайлуулах вэ, уст үеэс гарч болзошгүй эрсдлийг хэрхэн бууруулах вэ гэдэг талаар зураг төсөлд заагаагүй нь гулсалт нуралт үүсэх гол шалтгаан болсон байдаг.
Мөн дээр нь аюулгүй ажиллагааны дүрмүүдийг баримталж ажиллаагүй байна. Бид бол усны шинжилгээ хийсэн байгаа. Эхний таамаг, очсон газар дээрх шалгалт, анхны дүгнэлтээр эргэлтийн усан сангийн ус доошоо нэвчсэн байх магадлалтай гэж үзэж байсан.
Лабораторын шинжилгээний дараа дээд талын нуураас усны шүүрэл явагдаж, доошоо ороогүй юм байна. Гидрогеологийн судалгаагаар гарсан шүүрлийн усны нөлөөлөл байсан юм байна гэдэг ийм дүгнэлтэнд хүрсэн байгаа.
Хөдөлмөр нийгэм хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн дарга н.Төгсбаяр: “Эко Алтан Заамар” компанийн уурхайд харамсалтай хэрэг гарч дөрвөн хүний амь нас эрсдсэн. Уул уурхайн чиглэлээр манай хэлтсийн дарга хэллээ. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тал дээр бол хэд хэдэн заалт зөрчигдсөн байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль мөн Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолд Аж ахуйн нэгж дотоод хяналт шалгалтыг явуулж байх ёстой. Аж ахуйн нэгжийн дотоод хяналтын журмыг Засгийн газар тогтоол гаргаад батлаад өгчихсөн. Энэ журмын дагуу аж ахуйн нэгж дотоод хяналтаа зохион байгуулах ёстой.
Энэ зохион байгуулах ажил ганц “Эко Алтан Заамар” компанид ч биш бусдад аж ахуйн нэгжүүдэд дутуу дулимаг мөрддөгддөг. Яг энэ асуудал үүссэн “Эко Алтан Заамар” ХХК-д дотоод хяналтын журмыг батлах нь баталсан байдаг юм байна. Захирлынхаа тушаалаар 2019 онд баталсан байдаг.
Энэ журмыг батлаад нэг зүйл дутуу хийсэн нь илэрсэн зөрчлөө яаж арилгах вэ гэдэг дээр нарийвчилсан зохицуулалт хийгээгүй байдаг. Журмын дагуу Хөдөрмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хариуцсан ажилтан 2 дугаар сарын 21-нд эрсдлийн үнэлгээ хийгээд энэ үнэлгээнийхээ дүгнэлтийг захиралдаа хүлээлгэж өгсөн байдаг.
Дотоод хяналтаараа эрсдлийн үнэлгээ хийхэд ноцтой хоёр зөрчил илэрсэн байдаг. Нэгдүгээрт, ажлын байрны зааварчилгааг журам ёсоор хийхгүй байна. Хэтэрхий нийтлэг заавар өгч байна. Яг тухайн өдөр хийж гүйцэтгэж байгаа ажилтай холбогдуулж заавар өгөхгүй байна гэдгийг энэ эрсдлийн үнэлгээгээрээ гаргаад ирсэн байдаг. Энэ дээрээ анхаарч ажиллаач гэсэн байдаг.
Хоёр дахь анхаарах зүйл нь: Энэ эрсдлийн үнэлгээг хийсэн ХАБ хариуцсан ажилчид “Мөс хагарах уналтаас болж, насосчид, ажилчид мөсөнд даруулах, техник хэрэгсэл эвдрэх аюултай гээд гаргаад өгчихсөн байдаг юм.
Цаашид авах арга хэмжээ, магадлал гэдэг дээр хананд тогтсон мөс, хана нурах, хагарч нурах, ажилчдыг дарах, бэртээх, мөн техник хэрэгсэл даруулах, өндөр ханын нуралт болж, хүн дарагдаж, амь насаа алдах магадлалтай гээд бичээд өгсөн байгаа.
Үүнийг уурхайн захирал хүлээж аваад гарын үсгээ зурчихсан. Өөрөөр хэлбэл осол болохоос долоохон хоногийн өмнө ХАБ хариуцсан ажилчид, тэр хэлтсийнхэн нь өөрсдийнхөө ажлыг хийсэн гэж үзэж байгаа. Гэвч харамсалтай нь уурхайн захирал, ажил олгогч нар үүний дагуу арга хэмжээ авч, тэр зөрчлийг арилгаагүй.
Хэрвээ гэдэг асуудал яривал уурхайн дарга нар энэ дээр арга хэмжээ авсан бол өнөөдөр ийм харамсалтай осол гарахгүй байсан. Тэгэхээр уул уурхайн компанийн эзэд, захирлууд ХАБ-ын ажилчдаа чадваржуулах, тэд нарынхаа гаргасан дүгнэлтэд ач холбогдол өгч, тодорхой арга хэмжээ авч байгаач гэж хэлмээр байна гэв.
“Эко Алтан Заамар” компанийн уурхайд болсон осолтой холбогдлуулан Шадар сайд МХЕГ-т үүрэг өгчээ. Энэ дагуу МХЕГ-ын дарга нараар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд шалгалт хийж эхэлсэн байна.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа, 30 метрээс илүү гүнд олборлолт явуулдаг уурхайнуудад үзлэг шалгалт хийж байгаа аж. Ирэх долоо хоногийн сүүлээр шалгалтын Ажлын хэсэг Улаанбаатарт ирж дүн мэдээгээ нэгтгэх гэнэ.
Энэ онд МХЕГ гурван аймгийн уурхайд төлөвлөгөөт нэгдсэн шалгалт хийх хуваарьтай байгаа гэнэ. Монгол орны цаг агаарын онцлог нөхцлөөс шалтгаалаад ганц уул уурхай биш зам гүүр, барилга гэх мэт бүх бүтээн байгуулалт эхэлдэг.
Энэ олон аж ахуйн нэгжид хүрч ажиллах техник, эдийн засаг, хүний нөөц МХЕГ-т байхгүй. Цаг хугацааны боломж ч муу. Тийм учраас Засгийн газраас баталсан Аж ахуйн нэгжийн дотоод хяналтын 311 дүгээр тогтоолыг аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлж, өөрсдөө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлнэ үү гэж тус газраас анхааруулав.
Мөн ослын талаар гаргасан УМХЕ-ын улсын байцаагчийн дүгнэлт бол тухайн компанийн үйл ажиллагааг шалгаад ийм ийм зөрчил гарсан байна гэдгээ тусгасан баримт. Зөрчилтэй аж ахуйн нэгжийн Тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын мэдлийн хэрэг гэсэн юм.
Уурхайд болсон осолтой холбогдуулан цагдаагийн байгууллага хэрэг үүссэн байгаа. МХЕГ одоогоор “Эко Алтан Заамар” комданийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ.