Массажны салоны хэрэг буюу Дональд Трамптай холбогдож буй эмэгтэй хэн бэ?
Энэ сарын дундаар Америкийн Ардчилсан намын дөрвөн том улстөрч АНУ-ын Аюулгүй байдлын гурван чухал албанд захидал илгээжээ. Төлөөлөгчдийн танхимын Тагнуулын байнгын хорооны дарга Адам Шифф, Төлөөлөгчдийн танхимын Шүүх хорооны дарга Жерри Нэдлер, Сенатын тагнуулын онцгой хорооны дэд дарга Марк Уорнер, Сенатын шүүхийн хорооны гишүүн Дайан Файнштейн нар захидалдаа Ли “Синди” Ян гэх эмэгтэйн үйл ажиллагаа, түүнийг Дональд Трамптай ямар холбоотойг мөрдөн шалгаж өгөх хүсэлт тавьжээ. Тэгвэл Флорида мужийн массажны салоны эзэн яагаад дээдсийн анхаарлыг татах болов?
Хэрэг яагаад анхаарлын төвд оров
Холбооны мөрдөх товчоо, Үндэсний тагнуулын газар, АНУ-ын Нууц албаны захирлуудад хаягласан энэхүү захидалд бичигдсэнээр бол Ли Ян нь Флорида мужид массажны сүлжээ салон байгуулсан бөгөөд тэдгээр салонуудад нь цагаач охид биеэ үнэлдэг гэнэ.
Үүгээр бол хүнийг хүчээр бие үнэлүүлж, хүний наймаа хийсэн хэргээр эрүүгийн хариуцлагад татагдаж, бүх насаараа хоригдох ял авах ёстой. Гэтэл хатагтай Ян уг компаниа GY US Investment хэмээн бүртгүүлж, Трамп болон түүний гэр бүлийнхэн, Хятадаас ирсэн Яны үйлчлүүлэгчдэд үйлчлэхээр болсон гэнэ. Компанийн устгасан сайтад үйлчлүүлэгчдэдээ төрийн тэргүүн, Худалдааны сайд болон бусад нэртэй улстөрчтэй холбож өгөх үйлчилгээг санал болгож байсан аж. Түүнчлэн тус фирм Цагаан ордонд оройн зоог зохион байгуулах боломжийг сурталчилж байлаа.
Захидлын эздийн бичсэнээр бол нэг удаа яах аргагүй ийм уулзалт зохион байгуулсан тохиолдол гарсан гэнэ. Тухайлбал 2017 онд Ян Хятадын групп бизнесмэнүүдэд Нью-Йорк хотод Трампын хандивын арга хэмжээнд орох ажлыг зохион байгуулж байжээ. Түүнчлэн Ян хатагтай өөрөө Цагаан ордонд орж ирж байсан бөгөөд Трампын өвлийн Цагаан ордон гэгддэг Мар-а-Лаго шилтгээний байнгын зочин гэжээ. Үүгээр ч зогсохгүй Ян Ерөнхийлөгчийн Супер цомын тэмцээний хүлээн авалтад Ерөнхийлөгчтэй хамт зургаа авахуулжээ.
Энэ бүгд улстөрчдийн анхаарлыг өөрийн эрхгүй татаж байна гэжээ.
Конгрессын гишүүд Трампаас хариулт нэхэж байна
Конгрессийн гишүүд уг асуудалтай холбогдуулан хэд хэдэн асуултад хариулт нэхэж байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн засаг захиргаа Янын компанийн санхүүжилттэй “саарал схем”-ээр холбогддог юм биш биз? Эрх бүхий албан тушаалтнууд хүний наймаа, биеэ үнэлэлттэй холбогдсон түүний бизнестэй холбоотой юу?
Яны үйл ажиллагаа, өөрөөр хэлбэл Трамп болон бусад улстөрчтэй хийх уулзалтын зуучлал үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулах уу?
Яны гадаад үйлчлүүлэгчид Төрийн тэргүүн, Дэд ерөнхийлөгч, Цагаан ордны бусад албан тушаалтнуудтай хэр харилцаатай байсан бэ? Трампын кампанит ажлыг санхүүжүүлсэн донор байгууллага, хувь хүмүүсийг шалгасан уу?
Хатагтай Синди Яны массаж, бодлого
Захидлын баатар болсон Ли Ян буюу өөрийгөө Синди хэмээн нэрлэсэн хатагтай нь хятад гаралтай Америкийн иргэн юм. Трампын эртний хамтрагч, найз, New England Patriots хөлбөмбөгийн клубын эзэн, 77 настай Роберт Крафт болон өөр 24 хүн Яны байгуулсан Orchids of Asia Day Spa массажны сүлжээ салоны ажилтан бүсгүйчүүдийн биеэ үнэлэх үйлчилгээг авсан гэх дуулиан дэгдсэнээс хойш Ли Ян хатагтайн нэр Америкийн хэвлэлүүдээр гарах болсон юм.
Тухайн үед Трамп гайхаж, хачирхаж байна гэсэн боловч цагдаагийн газрын эх сурвалжийн мэдээлснээр видео нотлох баримт байгаа гэжээ. Флорида мужийн хуулиар бол буруутай бүх этгээд нэг жил хүртэл хорих ял эдлэх, 5000 долларын торгууль төлөх, 100 цагийн албадан хөдөлмөр хийх магадлалтай байна.
Харин Ян хатагтай энэ SPA салоны сүлжээгээ аль хэдийн зарчихсан гэж мэдэгджээ. Гэхдээ “Майами Херальд” сонинд үүнтэй ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг өөр газрыг эзэмшдэг болсон, тэнд нь мөн массажистууд нь биеэ үнэлдэг гэжээ.
Ян 2015 оноос улстөрд идэвхтэй оролцох болсон юм. “Ази-Америкийн бүгд найрамдахчуудын үндэсний хороо” нэртэй хятад гаралтай америкчуудын улс төрийн байгууллагад байсан түүнийг Крафтын дуулианаас болж гишүүнчлэлээс нь хөөсөн гэдэг.
2017 оны сүүлчээр Синди Ян энэ байгууллагын ажилтны хувиар Нью-Йоркт болсон арга хэмжээнд Хятадын бизнесмэнүүдийг дагуулан орсон байна. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Trump Victory буюу Трампын үйл ажиллагааг дэмжих нэгдсэн санд 23,5 мянган (өөр мэдээллээс бол 37 мянга) долларыг шилжүүлжээ.
2018 онд Ян Трампын гэр бүлээс нөхөрлөл, улс төрийн идэвх зүтгэлийнхээ төлөө ил захидал хүлээн авсан байна. Үүнээс удалгүй Мар-а-Лагод энэ хатагтайг Трампын хоёр хүүтэй танилцуулжээ.
Тэгсэн хэрнээ Синди Ян АНУ дахь Хятадын дипломатчдын хүрээлэлд ч харагдаж байсан удаатай. 2015 онд тэрбээр Хьюстон дахь Хятадын консулын ярилцлагад хүрэлцэн ирсэн. Мөн тухайн ондоо БНХАУ-ын Тэнгисийн цэргийн флот Жексонвилл тэнгисийн боомтод орж ирсэн ёслолын арга хэмжээнд Элчин сайдтай хамт оролцож байжээ. Ян түүнчлэн Хятадын Засгийн газар, Хятадын Коммунист намтай холбоотой гэгдэх бүлэглэлд багтаж байжээ. 2016 оноос тэрбээр Флорида дахь Хятадын энх тайван нэгдэлд туслах зөвлөлийн орон нутгийн хэлтсийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, Хятадын шинжлэх ухаан, техникийн ассоциацид гишүүнчлэлтэй байв. Мэргэжилтнүүд энэ хоёр байгууллагыг Баруунд Хятадын нөлөөг тэлэх бодлого баримталдаг гэж үздэг.
Эх сурвалж: Известия