АНУ-ын Тэнгисийн цэргийн командлагч Генерал Роберт Неллер өнгөрөгч хоёрдугаар сарын 19 болон энэ гуравдугаар сарын 18-ны өдрүүдэд Ерөнхийлөгч Доналд Трампд хаягласан хоёр санамж бичгийг илгээсэн байна. Энэхүү санамж бичгийг “Times” сэтгүүл сүүлийн дугаартаа нийтэлсэн аж.
Тэрбээр “Америк болон Мексикийн хилийн шугам дагуу ямар ч төсөвгүй, төлөвлөгдөөгүй цэрэг байршуулах болсон явдалд Тэнгисийн цэргийн корпусын зүгээс байлдааны бэлэн байдал хангалтгүй, санхүүжилт дутмаг байгаа улмаас энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэсэн аж. Батлан хамгаалах салбарт зарцуулах ёстой байсан төсвийн тодорхой хэсгийг өнгөрсөн жил болсон Флоренс болон Майкл хар шуурганаас болж үүссэн хохирлыг нөхөн сэргээх болон Мексикийн хил дээр босгох ханын ажилд шилжүүлэн зарцуулах болсон юм.
Үүнээс болж Монгол, Индонез, Шотланд, Австрали болон Өмнөд Солонгос улсуудад хийхээр төлөвлөсөн хамтарсан цэргийн сургуулилтыг цуцлах эсвэл хойшлуулахаас өөр аргагүйд хүрч байгааг сануулсан юм. Мөн дэлхий даяар байгаа Америкийн цэргийн баазуудад зайлшгүй хийх шаардлагатай засварын ажлуудыг ахин төсөв хийгдэх хүртэл зогсоох шаардлагатай болжээ.
Генерал Роберт Неллер нэмж хэлэхдээ “АНУ-ын тэнгисийн цэргүүдийн өндөр чанартай тулалдааны арга барилыг хөгжүүлж, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой хатуу чанга, бодит бэлтгэл сургуулилтуудыг зайлшгүй хийх шаардлагатай” гэсэн юм. Харин АНУ-ын Сенатч Ричард Дурбин хэлэхдээ “Пентагон Доналд Трампын хүсэл зорилгоос шалтгаалан батлан хамгаалахын санхүүжилтийг өөр зорилгод шилжүүлэх шаардлагагүй. Хэрвээ Ерөнхийлөгч ард түмэн болон Конгрессын үгийг сонсохыг хүсэхгүй байгаа бол Тэнгисийн цэргийн командлагчдын үгийг сонсох хэрэгтэй” гэсэн байна.
Эх сурвалж: The Week, Connectingvets