Хятадын зүүн хэсгийн Жянсү муж дахь хортон шавьж устгах бодисын үйлдвэрт өчигдөр үдээс хойш хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 44 хүний амь үрэгдэж, 640 орчим хүн шархдаад байгааг өнөөдөр мэдээллээ. Янчэнь хотын аж үйлдвэрийн паркад гарсан дэлбэрэлтийн улмаас үүссэн гал түймрийн тархалтыг өнгөрсөн шөнийн 3:00 цагийн орчимд тогтоож чадсан байна.
Түлэгдэж, шархдсан 640 орчим хүнийг 16 эмнэлэгт хуваарилан эмчилж байгаагаас 32-ынх нь биеийн байдал хүнд байгааг мэдээлжээ. Ослын шалтгааныг тогтоох ажил үргэлжилж байна. 30 гаруй төрлийн химийн бодис үйлдвэрлэлдээ ашигладаг тус үйлдвэр өмнө нь аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн шалтгаанаар торгуулж байсныг эх сурвалжууд мэдээлжээ.
Уг явдалтай холбогдуулан Жянсү мужийн бүх химийн үйлдвэрт шалгалт хийхээр болсныг орон нутгийн захиргаа өнөөдөр мэдээлсэн байна. Хятадын аж үйлдвэрийн салбарт аюулгүй байдлын стандарт сул мөрдөгддөг тул осол эндэгдэл олноор гардаг. 2015 онд Тяньжин хотын химийн үйлдвэрт гарсан ослын үеэр 165 хүн амь үрэгдэж байжээ. Тяньжинд болсон дэлбэрэлт асар хүчтэй байсан тул сансрын хиймэл дагуулд мэдрэгдэж, газар хөдлөлтийн чичиргээ үүсгэж байв.
Эх сурвалж: Reuters