АНЭУ-ын Абу Даби хотноо Тусгай олимпын Зуны 15 дугаар наадам болж дэлхийн 190 гаруй орны 7500 гаруй тамирчид өрсөлдлөө.
Манай улсаас Тусгай олимпын зуны наадамд хоёр дахь удаагаа оролцож 28 тамирчин 7 төрөлд өрсөлдөж нийт 18 медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнийг өндөрлүүлж байна. Баг тамирчид энэ сарын 23-ны үүрээр эх орондоо буух юм.
Тусгай олимпын наадам бол оюуны ялгаатай хүмүүст зориулагдсан наадам. Тэдэнд “Та биднээс өөр биш шүү” хэмээн хамгийн “чангаар” хэлдэг хөдөлгөөн нь Тусгай олимпын наадам билээ.
Дэлхий нийтээрээ Абу Даби хот руу хараа чиглүүлсэн энэ үед Монголын баг тамирчид ч том амжилт гаргалаа. Оюуны бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг бусдаас өөр биш гэдгийг тунхагладаг энэ наадам анх зохион байгуулагдсан цагаас хойш 50 жилийн хугацаа өнгөрчээ. Зуны 15 дахь наадмын хаалтын ажиллагаа өнөөдөр АНЭУ-ын Абу Даби хотноо болно.
Энэ удаагийн олимпоос манай улс гурван алт, долоон мөнгө, найман хүрэл медаль хүртлээ.
Монголын багийн медалийн амжилт:
Алт
Б.Элбэрэлт – 25 метрийн мэлхий сэлэлт
Х.Балжинням – 100 метрийн гүйлт
Э.Энхбаяр – 200 метрийн гүйлт
Мөнгө
Т.Балданхайням – жүдо
У.Нинжбадам – ширээний теннис
Б.Амарболд – ширээний теннис
Э.Билгүүн – жүдо
Э.Энхбаяр – 100 метрийн гүйлт
М.Оргил, Б.Мягмарнаран – бадминтон /хосын төрөл/
Хөлбөмбөгийн баг
Хүрэл
Ө.Амарсанаа – жүдо
Э.Бямбажаргал – жүдо
Б.Амарсанаа – бочче
Х.Балжинням – бөөрөнцөг шидэлт
Б.Мягмарнаран – бадминтон
Э.Энхтуул – бочче
Б.Амарболд, М.Буян-Эрдэнэ – ширээний теннис /дэмжин тоглогчтой/
Б.Мягмарнаран, Г.Эгшиглэн – бадминтон /дэмжин тоглогчтой/
Бүжгийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Энэ удаагийн тусгай олимпын наадмаар бүжгийн уралдаан анх удаа зохион байгуулагдав. Ирэх олимпын үеэр үндсэн төрөлд оруулахаар туршилт хийж буй нь энэ.
Энэхүү тэмцээнд манай улсаас дэмжин тоглогчтой төрөлд Б.Мягмарнаран, Г.Эгшиглэн нар оролцож хүрэл медаль хүртлээ. Охид маань үндэсний хувцасаа өмсч, дэлхийн тайзнаа өв соёлоо сурталчилж чадсан.
Энэхүү тэмцээнийг анх удаа зохион байгуулж буй тул Тусгай олимпын наадмын зохион байгуулагчдын зүгээс маш их анхаарал хандуулж буй нь илт байлаа. Учир нь бүжгийн дэлхийн аваргууд, олон улсын шүүгчид энэхүү тэмцээнийг шүүн явуулснаас гадна Тусгай олимпын хорооны дарга Тим Шрайвер хүрэлцэн ирж үзэж, медаль гардуулсан юм.
Хөлбөмбөгчид хүнд тоглолтуудыг даван гарч мөнгөн медаль хүртлээ
Монгол Улсаас анх удаа Тусгай олимпын наадамд хөлбөмбөгийн төрлөөр өрсөлдсөн юм. Багийн спортын төрлөөр өрсөлдөхөд гол шалгуурын нэг бол багийн олонхийг оюуны бэрхшээлтэй тамирчид бүрдүүлсэн байх ёстой. Тэмцээний үеэр нэг талдаа 20 минут нийт 40 минут тоглодог бөгөөд нэг тамирчин талбай дээр 10 аас илүү минут тоглосон байх ёстой. Багийн “онцгой” тамирчид голчлон тоглоно. Бусад нь дэмжин тоглогчийнхоо үүргийг гүйцэтгэнэ гэх зэргээр нарийн дүрэм журамтай.
Манай багийнхан Абу Даби хотод ирээд сорилго тэмцээнтэй нийлээд долоон удаагийн тоглолт хийсний эцэст аваргын төлөө Пакистанчуудтай өрсөлдөхөөр болов. Маш хүчтэй өрсөлдөөн өрнөж, 1:0 ээр ялагдал хүлээсэн ч, хөлс хүчээ гаргаж авсан мөнгөн медаль үнэ цэнэтэй байлаа.
Манай хөлбөмбөгийн багийн бүрэлдэхүүнд хоёр эмэгтэй тоглогч багтсан. Дэмжин тоглогчдын хувьд анх удаа оюуны бэрхшээлтэй хүнтэй ойртож буй залуус байхад олон жил эдгээр хүмүүст урам зориг өгч, хамт бэлтгэл сургууль хийдэг туршлагатай нь ч байлаа. Тэд энд өнгөрүүлсэн 15 хоногт бие биедээ дасч, нэг нэгнээ хүндэлж, дэмжиж “хөгжлийн бэрхшээл” гэх ханыг үгүй хийж байгаа нь юу юунаас илүү шагнал билээ.
Бадминтоны төрлөөр нэмж мөнгө, хүрэл медаль хүртлээ
Хамгийн түрүүнд эхлээд, хамгийн сүүлд дууссан спортын төрөл бол бадминтон байлаа. Манай улсаас ганцаарчилсан, хосын, дэмжин тоглогчтой төрөлд оролцсон юм. Тусгай олимпын наадмын сүүлийн өдөр хосын төрлөөс М.Оргил, Б.Мягмарнаран нар мөнгөн медаль хүртлээ.
Харин дэмжин тоглогчтой хосын төрлөөс Б.Мягмарнаран, Г.Эгшиглэн нар хүрэл медаль хүртсэн юм. Б.Мягмарнарангийн хувьд энэ удаагийн Тусгай олимпын наадамд оролцож буй тамирчдаас хамгийн олон медальтай тамирчин болж байна. Тэрбээр бадминтоны ганцаарчилсан төрлөөс хүрэл, хосын төрлөөс мөнгө, дэмжин тоглогчтой төрлөөс хүрэл медаль авсан. Мөн бүжгийн төрлөөс хүрэл медаль хүртсэн юм.
Мэдээллийн ивээн тэтгэгч: СҮНДИЙ САН