Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр Засгийн газрын хуралдааны талаар мэдээлэл хийсэн юм.
Энэ үеэр түүнээс С.Зориг агсны хэргийг шалгаж байсан хүмүүсийг хорьсон талаар тодруулахад тэрээр “С.Зоригийн амь настай холбоотой эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан нь тодорхой болж байгаа. Хүний хашаанд нас барсан хүний цогцос хийж байгаа хүмүүс үүнээс долоон дор юм хийсэн байх магадлалтай гэж мэргэжлийн мэдрэмжээрээ би ярьж байсан. Энэ асуудлыг аюулгүйн зөвлөл сонсох байх. Хоёр тагнуулын ажилтан, Шийдвэр гүйцэтгэл Тагнуулаас энэ бүхнийг зохион байгуулахад гар бие оролцсон хүн хоригдсон.
Би сайдын ажлаа авсны дараа нэг хүнийг ажлаас халсан. Тагнуулын ахлах дэслэгч цолтой хүн хурандаа авчихаад яагаад энэ хэргийг удирддаг юм. Тэр хүн шалгагдаж байгаа. Энэ бүхэн учиртай. Одоо тэр хүн шалгагдаж байгаа. Монголд цаашид 37 оны хэлмэгдүүлэлт хэзээ ч болохгүй болгоно.
Би тэр хоёр яллагдагчтай очиж уулзсан. Хийгээгүй хэрэгт хэлсээр шийтгүүлж, хүйтэн камерт яаж амьдардгийг нь харах гэж би очиж уулзсан. Өчигдөр Ч.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадаж байгаа юм энэ. Цаашид эмнэлэгт байлгаж байгаад гаргана гэж бодож байна. Энэ хоёр хүний ар гэрийнхнээс Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд уучлал гуйж байна. Би ер нь уучлалт гуйж байсан хүн биш шүү. Би энэ хэргийн эцсийг хүртэл явна. Цаашид системийн чанартай өөрчлөлт хийх шаардлагатай байна. Захиалагчийгг нь олох биш, бүр будлиулсан байна лээ. Ер нь хэлээд л байсан юм байна лээ шүү дээ. Зориуд баримт бүрдүүлж ядарсан иргэдэд зэм халдаах байдлаар гэмт хэргийг хаах алсын зорилго нь яваад байсан байна лээ” гэсэн юм.