Экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр (2019.03.21) хэвлэлийн хурал хийлээ. Түүнийг ЭЦГ-т дуудаж, хавтас хэрэгт гэрчийн мэдүүлэг авахаар дуудсан байв. Н.Энхбаярын Цагдаагийн байгууллагад очих ёстой өдөр нь өнөөдөр байсан. Тэр ийн ярьлаа.
-Эрдэнэтийн 49 хувийн луйвар боллоо гэдгийг Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нар ард түмэнд мэдээлсэн. Төр засгийн мөнгийг луйврын аргаар аваад төрийн өмчийг өөрийнх нь мөнгөөр хувьдаа авсан. Гэтэл хууль шүүхийн байгууллага З.Баянсэлэнгэ, Ч.Сайханбилэг хоёрыг хоёулангийнх нь гарын үсэг зурсан тогтоолоор буруутгаад, Ч.Сайханбилэг буруугүй үлдэж, З.Баянсэлэнгэд шүүхээс ял өгч байх жишээтэй. Ц.Оюунбаатарын шүүх хурал өнөөдөр болж байна. Зандаа гэдэг сайдын гарын үсгээр гарсан шийдвэрт Ц.Оюунбаатар буруутай болж ял өгөх гэж байна. Үнэнийг илчилсэн хүмүүсийг шоронд хийж, эсвэл ял өгч, эсхүл айлган сүрдүүлдэг тогтолцоо шударга бусын хонгилын гол шинж чанар болчихоод байна.
Одоо намайг сахал Д.Эрдэнэбилэг янз бүрээр худлаа гүжирдээд, тэр хүн өөрөө хүн гүжирдэхийн өвчтэй. Амнаас нь ер үнэн үг гардаггүй. Үйл ажиллагаа нь бүгд дандаа худлаа хэлснийг нь баталж байгаа юм. Жишээ нь, Өмнөговьт цахилгаан станц барина гэсэн бичиг барьцаалаад 50 гаруй сая долларын зээл авч байх жишээтэй. Агаар барьцаалж байгаатай адил. Тэр цахилгаан станц нь байхгүй шдээ.
Хууль шүүхийн байгууллагад дуртай хүнээ томилуулж, үнэнийг илчилж байгаа хүнийг айлган сүрдүүлж байгаад хэргээс мултарч луйвар булхайгаа хийдэг хүн. Энэ хүн цэргийн үйлдвэрт даавуу шахсанаас авахуулаад маш их будлиантай. М.Энхболд Ерөнхий сайд байхдаа ХХБ-г сахал Эрдэнэбилэгт авч өгсөн.
Тэгээд М.Энхболд намайг Эрдэнэтийн энэ 49 хувьтай холбоотой асуудлаар цагдаад мэдэгдэл өгсөн байна.
Би хэлсэн, та нар эхлээд ЖДҮ-чдээсээ халдашгүй дархан байдлыг нь арилгаж байгаад байцаалт авчих. Тэгээд дараа нь надаас байцаалт ав гэсэн. За тэгээд би мэдүүлэг өгчихөөр мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задалж болохгүй, юу ч ярьж болохгүй, дуугүй бол гэж миний амыг үдэх гэж байгаа юм. Тийм юм байхгүй ээ. Цагдаа, прокурор, шүүх яаж ажилладгийг бид мэднэ.
Хувь хүнээс гарсан мөнгө нь цэвэр үү гэдгийг шалгах хэрэгтэй
Бид үнэнийг хэлээд ял авлаа. Дахиж тоглоомонд оролцохгүй ээ. Тэр ЖДҮ-чдээ шалга, 49 хувиа буцаа. Эрдэнэтийн 49-ийг хууль зөрчиж авсан учраас буцааж улсад аваад зогсохгүй ард түмэнд хувьцаа болгож тараах хэрэгтэй. 49 хувьд ногдож байгаа тэр 50 гаруй сая долларын ногдол ашиг авна гэж байгаа. Тэр ногдол ашгаа ард түмэнд өгчих.
Хоёрдугаарт хүүгүй, баталгаагүй, хугацаагүй зээл авсан гэж захирал нь ярьж байгаа. Дэлхийд хаана тийм зээл байна олъё л доо. Худлаа байхгүй юу. Би мөнгө угаасан хэрэг гэж ойлгож байгаа. Харин тэр хувь хүнээс гарсан мөнгө нь цэвэр мөнгө үү гэдгийг шалгаад булхайтай байвал буцааж өгөх шаардлагагүй.
49-ийн цаана 51 хувийн булхай ч явж байгаа. Тухайн үед С.Баярын захиалгаар хийсэн МАН-ын ажил гэсэн хардлага төрж байгаа. Эрдэнэтийн 51 хувийг барьцаалж авсан 100 гаруй сая долларын өрөнд орчихоод байна. Монголын ард түмэн үүнийг төлөхгүй. Яах вэ гэхээр төлөхөөсөө татгалзах хэрэгтэй. 49, 51 хувийг цаагуураа гадаадын компанитай хуйвалдаж яриад л Монголын стратегийн ордыг Монголоос 100 хувь салгаж авах гээд байна шдээ. Энийг хурдан зогсоогооч гэхээр л цагдаа дуудаад эхэлнэ. Мөрдөн байцаалтын нууцыг Та хадгална шүү гэж хэлэх гээд байна.
Цагдааг нь Засгийн газар томилдог, Ерөнхийлөгч шүүгчийг томилдог, прокурорыг бас УИХ-тайгаа хамтраад томилдог, АТГ-ыг УИХ томилдог учраас дандаа дарга нарын үүрэг даалгаврыг биелүүлдэг улсууд болчихоод байна.
Х.Баттулгын хувьд аргаа ядаад Ц.Элбэгдоржийн бурууг давтлаа
Бас нэг буруу жишиг тогтох гээд байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа прокурорын байгууллагын ой дээр очоод, Н.Энхбаярыг дүүтэй нь баривчил гэж баахан загнаад, хоёр цагийн турш ийм зүйл ярьж байсан. Дэндүү танхай балмад ажиллагаа байсан. Ямар ч албан тушаалтан хууль шүүхийн байгууллага дээр очиж захиалга өгч болохгүй.
Гэтэл Х.Баттулга нь аргаа ядаад яг тэрийг дуурайж байна. 179 хуудас материал өгч Ц.Элбэгдоржийг барь гэж байгаа юм. Ц.Элбэгдоржийн өөдөө шидсэн чулуу өөр дээр нь унадаг байхгүй юу. Үүний хамгийн цаад буруу нь хууль шүүхийн байгууллага ажиллахгүй байна гэсэн үг. Х.Баттулгын хувьд аргаа ядаад Ц.Элбэгдоржийн бурууг давтлаа шүү дээ. Ажиллаад, шалгаад өгөөч гээд байхад нь шалгахгүй болохоор нь иргэн Х.Баттулгын хувьд өглөө шүү гэж ядаж жоохон засвартай хэлж байгаа юм.
Ц.Элбэгдорж болохоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та нарт даалгавар өгч байна гэж хэлсэн. Ийм балмад юм болоод байна. Энийг таслан зогсоохгүй бол аягүй бол шинэ МАНАН үүсч байна гэдэг болгоомжлол байгаа. Цагдаа намайг дуудаж арай энэ дээр ингэж дарамтална гэж бодоогүй.
Тэгэхээр энэ чинь шинэ МАНАН үүсч байгаагийн эхлэл биш байгаа гэж болгоомжилж ард түмэндээ эхлээд би хэлдэг шүү. Ард түмэн тухайн үед анзаардаггүй. Сүүлд нь хэдэн жилийн дараа нээрээ тийм байна шүү дээ гэдэг. Одоо бүгдээрээ тэгж унтахаа больё.
Прокурорын байгууллагын Сагсай гэж тэр хүний тухай ярьчихсан чинь л хүмүүс үнэн ч юм уу, худлаа ч юм уу гээд байна. Үнээн, би олон хүнээс сонссон. Тэр Сагсай гэж нөхөр хөөрхий хүмүүсийн хувь заяагаар тоглоод, намайг Сагсайдаж ялсан хүн байхгүй юу.
Хэр шударга хүн бэ гэдгийг хараарай. Бичлэг нь удахгүй гарах байх өө. Бичлэг байгаа гэж олон хүнээс сонссон учраас эргэлзэхгүй байна. Сагсайн ард шүүгч, мөрдөн байцаагч байна гэсэн үг. Тэрний ард тэрийг томилсон, даалгавар өгсөн хүн байна гэсэн үг. Тэдний ард МАНАН байна гэсэн үг.
Би маргааш бичлэг үзүүлье
Энэ хуралд Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян оролцсон бөгөөд Монголын шүүх прокурор ийм заваан болсон гэдэг асуудал анх удаа яригдаж байгаа юм биш. Би үүнийг анх хэлснийхээ төлөө ял авсан гэв.
Энэ хэвлэлийн хурлыг хийсний дараа ч намайг дуудаж магадгүй. Гэхдээ би энэ бичлэгийг маргааш та нарт өгч болно гэж байлаа.
Тэрээр энэ талаар “Намайг 60 тэрбумын талаар анх зарлахад орчин үеийн техник ашиглаж, эвлүүлэг хийсэн байна гэж зурагтаар хүртэл баахан гаргасан. Үнэн хэлсэн хүмүүсийг дандаа гүжирддэг. Цагдаад өгч, шүүхийн үүдэнд уулзана гэж айлгадаг. Энэ бүлэг хүмүүсийг бид товчоор МАНАН гэдэг.
Өнөөдрийн энэ гэрч гэж нэрлээд цагдаад дуудаж байгаа нь, Н.Энхбаяр даргыг дуугарах эрхийг нь хаах гэж байгаа нь Хэнтийн нөхөн сонгуультай л холбоотой гэж би хувьдаа үзэж байгаа. Энэ сонгуульд яаж ийж байгаад нэр дэвшүүлэхгүй байлгая, ядаж сонгууль хүртэл юм яриулахгүй болгоё, МАХН-ыг сонгуульд орох эрхийг нь дахиад нэг хасъя гэсэн жүжиг. М.Энхболд твиттертээ би цагдаад гомдол гаргаагүй байна гэсэн ч түүний төлөө хүмүүс ажиллаж байгаа нь үнэн л байхгүй юу.
Тэд дандаа ялзарсан, хар тамхины хэрэгт холбогдсон прокурор, шүүгчийг ашигладаг. Ё.Сагсай прокурорын тухай яриа бол үнэн. Надад хүмүүс баримтыг нь үзүүлсэн учраас Н.Энхбаяр даргад хэлж байсан. Шаардлагатай бол бичлэгийг нь үзүүлж болно. Салбараа хайралсан, төрийн нэр хүндийг хамгаалсан хүмүүс үүнийг дэлгэхгүй байгаа шд. Бидэнд өчнөөн баримт ирсэн байгаа. Бид нэг ч худлаа яриагүй.
Асуудлын голыг нь хар. Зөвхөн Ё.Сагсайгийн тухай яриад байгаа юм биш, тийм хүмүүсийг ашиглаад ард нь байгалийн баялагт эзэн суугаад байгаа тэр хэсгийн тухай л яригдаж байна. Өнөөдөр тэтгэврийн хөгшчүүл нь 280 мянган төгрөгийн тэтгэвэртэй, түүгээрээ зээлээ төлж байна. Гэтэл хоригдлууд нь өдрийн 12 мянган төгрөг буюу сард 360 мянган төгрөгөөр амьдарч байгаа. Бусдыг ядуу байлгах зорилготой улс төр эдийн засгийн бүлэглэл байна.
Нэгэнт хэлснийх тэр бичлэгийг маргааш та бүхэнд үзүүлье. Үндэсний мэдээллийн төвийн энэ байранд 11.00 цагт хэвлэлийн хурал зарлаад үзүүлье” гэж ярив.
2 comments
ЖДҮ-гийн асуудлыг дарах зорилгот сенсаац
эндээс ойлгогдох юм бараг л алга, гаран гаран хvний яриа юу, ийм юм нийтэлсэн сэтгvvлчийн буруу юу?!