Төр, иргэн хоёрын үүрэгт бас хамгийн эмзэг харилцаа бол татвар. Үлгэр домог, урьдын түүхэнд муу удирдагчдыг татвар гувчуур нэмж ард олныг зовоосноор дүрслэх нь элбэг. Бас хувьсгалт түүхэнд “өрийн бичиг устгасан” тухай бахархан тэмдэглэсэн нь олон. Тэгэхээр татварын асуудлыг төрийн өнцгөөс харахдаа зөвхөн авахдаа анхаарч болохгүй гэсэн үг л дээ.
Одоо УИХ-ын ээлжит бус чуулганаар Татварын багц хуулийг хэлэлцэж байгаа. Багагүй хугацаанд “Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэг жилийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг салбар харгалзахгүй буцаан олгоно”, “Жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөг хүртэлх аж ахуйн нэгж, иргэн өөрөө хүсвэл борлуулалтын орлогын нэг хувиар албан татвар төлж, жилд нэг удаа тайлан гаргах сонголтыг олгоно” зэргээр рекламдсан тус хуулийн төсөл УИХ-ын чуулганы босгонд нэг бүдрээд дахин орж ирж байгаа нь, энэ.
Гэхдээ задлаад үзвэл дотор талдаа цөөнгүй “но”-той бололтой. Манай оронд тэтгэврийн зээл өвлөгддөг. Насаараа улсад татвараа төлж, хөдөлмөр эрхэлсэн хүмүүс тэтгэвэрт гараад банкнаас зээл авсныхаа дараа бурхан болбол үр хүүхдүүд нь төлдөг гунигтай дүр зураг бий. Түүнтэй адил Татварын ерөнхий хуулийн төслийг харахад татварын өр өвлөгддөг болж байгаа мэт. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Татварын ерөнхий хуульд харилцан хамааралтай этгээд гэдгийг 48.4-т “Харилцан хамаарал бүхий этгээд гэж Монгол Улсын болон гадаад улсын аливаа хуулийн этгээдийн удирдлага, хяналт болон эд хөрөнгийн эрхэд нь шууд ба шууд бусаар оролцох эрхтэй этгээдийг хэлнэ” хэмээн товчхон заасан байдаг.
Тэгвэл Татварын ерөнхий хуулийн шинэ төсөлд нэлээд дэлгэрэнгүй оруулжээ. Тодруулбал, 26.1-д “Нэг этгээд нөгөө этгээдийн, эсхүл уг этгээдүүдэд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдийн ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой доор дурдсан этгээдүүдийг хоорондоо харилцан хамааралтай этгээд гэж үзнэ” гэжээ. Үргэлжлүүлээд 26.1.1-т “Гэр бүлийн тухай хуулийн 3.1,4-т заасан этгээдүүд” гэж тодруулсан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т “Гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” хэмээн тодорхойлсон байдаг. Улмаар тус хуулийн 3.1,5-д “Төрлийн хүн гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг”, 3.1.6-д “Садангийн хүн гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг” гэж бий.
Цааш үргэлжлүүлбэл, Татварын ерөнхий хуулийн төслийн 26.1.2 “Энэ хуулийн 6.1.8-т заасан группд хамаарах этгээдүүд”, 26.1.3-т “Хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийн 20 ба түүнээс доошгүй хувийг шууд болон шууд бусаар эзэмшдэг этгээд”, 26.1.4-т “Ашиг, эсхүл татан буугдсаны дараах үлдэгдэл хөрөнгөөс 20 ба түүнээс доошгүй хувийг шууд болон шууд бусаар хүртэх эрхтэй этгээдүүд”, 26.1.5-д “Хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийн 20 ба түүнээс доошгүй хувийг гуравдагч этгээд шууд болон шууд бусаар эзэмшдэг аж ахуйн нэгжүүд”, 26.1.6-д “Ашиг, эсхүл татан буугдсаны дараах үлдэгдэл хөрөнгөөс 20 ба түүнээс доошгүй хувийг гуравдагч этгээд шууд болон шууд бусаар хүртэх эрхтэй аж ахуйн нэгжүүд” гэх мэтээр тав, зургаан заалтаар үргэлжилж байна.
Муугаар бодвол татварын өртэй этгээд нас нөгчлөө гэхэд ийм харилцан хамаарал бүхий хүмүүс өрийг нь барагдуулах болж таарч байгаа юм. Үүнийгээ ч хуулийн төсөлдөө оруулсан байгаа. Тус хуулийн төслийн 60 дугаар зүйлээр татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдээс татварын өр хураах нийтлэг журмыг зохицуулжээ.
60.1-д “Татвар төлөгчийн татварын өрийг төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдээс татварын өрийг гаргуулахаар тухайн этгээдэд доор дурдсан агуулга бүхий мэдэгдэх хуудас хүргүүлнэ”, 60.1.1 -т “Өртэй татвар төлөгчийн нэр”, 60.1.2-т “Татварын өр үүссэн хугацаа, татварын төрөл, татварын өрийн дүн, татвар төлөх эцсийн хугацаа”, 60.1.3-д “Татварын өр төлөх газар, дансны нэр, дансны дугаар”, 60.2-д “Энэ хуулийн 60.1.2-т заасан татварын өр төлөх эцсийн хугацаа нь мэдэгдэх хуудас хүргүүлснээс хойш ажлын 20 өдөр байна”, 60.3-д “Татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд энэ хуулийн 60.1.2-т заасан хугацаанд төлөөгүй бол татварын алба эрсдэлтэй татварыг урьдчилан хураах үйл ажиллагааг явуулахаас бусад тохиолдолд нэхэмжлэх хүргүүлнэ” гэх мэтээр хуульчлахаар зэхжээ.
Энэ хоёрдогч этгээд гэсэн ойлголтод өнөө гэр бүлийнхэн, бизнесийн хамтрагчид багтаж байгаа гэж ойлгохоор юм. Мөн хуулийн төслийн 63 дугаар зүйлээр битүүмжлэхийг хориглох хөрөнгө, орлогыг заасан байна.
Тухайлбал, 63.1.1-д “Өртэй татвар төлөгч, түүний гэр бүлийн гишүүдийн өдөр тутамд хэрэглээний хувцас, хэрэглэл”, 63.1.2-д “Өртэй татвар төлөгчийн байнга амьдран суугаа зөвхөн нэг орон сууц болон өртэй татвар төлөгчийн хүйтний улиралд хэрэглэж байгаа түлээ, түлш”, 63.1.3-д “Газар тариалан, мал аж ахуй, гар урлал эрхэлдэг этгээдийн хувьд амьжиргааны эх үүсвэр болдог үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай багаж хэрэгсэл, эд зүйлс, тоног төхөөрөмж, мал, малын тэжээл, 63.1,4-т “Гамшиг, аюулт үзэгдэл, осол, онцгой нөхцөл байдлын улмаас үзүүлж байгаа тусламж, тэтгэлэг, хандив”, 63.1.5-д “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу олгож байгаа хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж”, 63.1.6-д “Донорын олговор”, 63.1.7-д “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж болон нийгмийн халамжийн үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээний хүрээнд олгосон тусламж, дэмжлэг” гэх мэтийг тусгасан байна.
Бусдыг нь хураагаад авчихна гэж бодъё. Гэтэл тэр болгон донорын тэтгэмжтэй, жирэмсэн хүн байх уу даа. 64 дүгээр зүйлд нь хөдлөх эд хөрөнгө болон үнэт цаасны битүүмжлэлийн асуудлыг тусгасан байна. Нэг заалтаас бусдаар бол бүгдийг нь битүүмжлэх нь. Тэр заалт нь 64.4 юм. Түүнд “Өртэй татвар төлөгчийн хөдлөх эд хөрөнгө болон үнэт цаасыг гэр бүлийн гишүүн, харилцан хамааралтай этгээдээс бусад гуравдагч этгээд эзэмшдэг бөгөөд тухайн гуравдагч этгээд нь шилжүүлэхээс татгалзсан тохиолдолд битүүмжлэхгүй” гэжээ.
Гэр бүл, харилцан хамааралтай этгээдээсээ өөр тэгээд хэнд ямар юмаа эзэмшүүлэх юм бэ. Тийм хөрөнгө олоод ир гэвэл өртэй, өргүй ямар ч хүнээс гарахгүй биз дээ. Хамгийн гол нь, Татварын ерөнхий хуулийн төсөлд харилцан хамааралтай этгээд гэдэгт гэр бүл, төрөл садныг нь оруулснаараа эргээд эцгийн ял хүүд очдог эмгэнэлт түүхийг давтах гэж байгаа юм биш биз. Эгээ л 39 оны хэлмэгдүүлэлтийн адил эсэргүүний хүүхэд гэдэг шиг татварын өртэй хүмүүсийн хүүхдүүд гэгдэх вий гэсэн санаа.
Түүнчлэн ах, дүү нар нь татварын өртэй хэн нэгнийхээ хамсаатан байж таарах уу гэж асуугаад байгаа юм. Бүр наад зах нь, нэг компани дундаа эзэмшдэг хүн нөгөө хүнээ өөр хаана юутайг нь яаж мэдэх юм бэ. Тэгээд хэрэв түнш нь баахан өрөнд орчихвол дагаад өртэй болох уу гэдэг асуулт ч гарна. Хамгийн гол нь энэ хуулийн төслөөр бол төр татвараа авахдаа л нэг авах юм байна.
Харин ард нь ямар зүйл болох, хэн хэлмэгдэх хамаагүй гэж байгаа бол муухай л байна даа. Нэмээд мэдээлэхэд, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр “Татварын ерөнхий хуулийн төслийн 70.1-т бусдын хөрөнгийг шүүхийн шийдвэргүйгээр өр барагдуулах нэрийн дор хураах, дуудлага худалдаанд оруулах, татвар төлөгчдийн барьцааны зүйлсээс татварын өр барагдуулах, мөн батлан даагчаас өр барагдуулах зэрэг Үндсэн хуульд харшилсан зүйл заалт орсон байна.
Энэ нь Үндсэн хуулийн 16.6.3 дахь заалтыг зөрчсөн байна. Мөн хуулийн 15 дахь зүйлд татварын хяналтыг хэрэгжүүлэх үүднээс онцгой бүрэн эрхтэй байх тухай хэд хэдэн заалтаар хуульчилж байгаа нь шүүхээс дээгүүр эрхтэй төрийн байгууллага буй болох гэж байгаа буруу жишиг рүү халтиран орох нөхцөлийг үүсгэсэн байна. Төслийн 70.3-т Татварын алба битүүмжилсэн хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахдаа тухайн хөрөнгийн анхны үнийг тогтооно гэж оруулж ирсэн байна.
Татварын байгууллага эд хөрөнгийн үнэлгээг тогтоодог байгууллага байж болохгүй. Шүүхийн шийдвэргүйгээр хураан авсан хөрөнгөө дур мэдэн зарцуулж, өр барагдуулдаг байхыг буруу гэж бид үзэж байгаа” гэсэн юм. Ерөнхийлөгч Х.Баттулга ч “Энэхүү хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулагч, гадаад улсын хуулийн этгээдүүд болон тэдгээрийн харилцан хамаарал бүхий дотоодын аж ахуйн нэгжүүдийн татварын хувь хэмжээг их хэмжээгээр бууруулах байдлаар Монгол Улсын татварын эрх ашигт үлэмж хэмжээний хохирол учруулахаар байна.
Түүнчлэн уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэсний томоохон компаниудын татварыг мөн их хэмжээгээр бууруулж, дотоод гадаадын аж ахуйн нэгжүүдэд татварын тэгш бус байдал үүсгэх зэрэг сөрөг нөлөөтэй олон зүйл тусгагджээ. Үүнээс үзэхэд жижиг дунд бизнесийг татварын бодлогоор дэмжих зорилготой хуулийн шинэчлэлийн үндсэн үзэл баримтлалыг алдагдуулжээ” гээд Татварын багц хуулийн төсөлд саналаа хүргүүлсэн билээ.
Эх сурвалж: