УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Татварын хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгүүдийг хийнэ. Эдгээр төслүүдийг өчигдөр хэлэлцэх байсан Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчиж байна гэж үзэн УИХ дахь АН-ын бүлгээс завсарлага авахаар болсон юм.
Тодруулбал, УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн (2019.03.20) үдээс хойших хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.05.29-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл/-үүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байв. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат дээрх төслийн анхны хэлэлцүүлгээр гурван өдрийн завсарлага авахаа мэдэгдсэн юм.
Тэрбээр “Татварын ерөнхий хууль болон хамт өргөн мэдүүлсэн багц хуулийн төслүүдтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлэг байр сууриа илэрхийлж байгаа. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Үндсэн хуультай зөрчилдөж буй заалт, зохицуулалтууд бий гэдгийг удаа дараа бид хэлсэн. Тухайлбал, төслийн 70.1-т “Татварын алба татварын өр хураах зорилгоор битүүмжилсэн хөрөнгийг дуудлага худалдаагаар, эсхүл шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлж, мөнгийг холбогдох төсөвт төвлөрүүлнэ. Дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгуулж болно” гэсэн нь бусдын өмч, хөрөнгийг өр барагдуулах нэрийн дор хураах, дуудлага худалдаанд оруулах, татвар төлөгчдийн барьцааны зүйлсээс татварын өр барагдуулах, мөн батлан даагчаас өр барагдуулах эрх зүйн орчныг бий болгох юм байна. Энэ нь Үндсэн хуульд харшилсан зүйл, заалт. Тодруулбал, Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 16.6.3 дахь заалтыг зөрчсөн. Түүнчлэн төслийн 15 дугаар зүйлд татварын хяналтыг хэрэгжүүлэх үүднээс онцгой бүрэн эрхтэй байхаар хэд хэдэн заалтаар хуульчилж байгаа нь шүүхээс дээгүүр эрхтэй төрийн байгууллагыг бий болгох буруу жишиг рүү хальтран орох нөхцөл үүсгэнэ гэж үзэж байна” гэв.
Мөн тэрбээр төслийн 70.3 дахь заалтаар татварын байгууллага эд хөрөнгийг хураадаг, үнэлдэг, дур мэдэн худалдаалдаг болгох сөрөг үр дагавартай байх тул төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг эдгээрийг сайтар нягтлан, өөрчлөх нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Иймд УИХ дахь АН-ын бүлэг 3 хоногийн завсарлага авч буйг Д.Эрдэнэбат гишүүн мэдэгдэв.
Харин ээлжит бус чуулганы үйл ажиллагаа нарийн тов, төлөвлөгөөний дагуу шахуу хугацаанд ажиллаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглэж байлаа. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгээс гаргаж буй саналын дагуу төслүүдэд Үндсэн хуультай зөрчилдөж буй заалт бий эсэхийг нягтлан, Төсвийн байнгын хороо, ажлын хэсэг дүгнэлт гаргуулахаар 3 цагийн завсарлага олгосон юм.
Ийнхүү татварын хуулийн төслүүдтэй холбоотой дээрх асуудал өнөөдөр цэгцэндээ орсон байх учиртай. Энэ талаар ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаан дээр танилцуулах байх. Чуулганы хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Өнөөдөр:
-Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.05.29-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.05.29-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.12.28-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/ -үүдийг хэлэлцэнэ.