Японы нийслэл Токио хотод өчигдөр дизайнер Токүжин Ёшиокагийн бүтээсэн Токио 2020 зуны олимпийн бамбар танилцуулагдсан байна. Зохион бүтээгч зуны олимпын бамбарыг Японы бэлгэ тэмдэг болох сакура цэцгийн хэлбэрээс санаа авч бүтээжээ.
Хөнгөн цагааны 30 хувийн орцтой, 71 см урт, 1.2 килограмм жинтэй бамбарыг асаахад дэлбээ бүрээс нь гал бадрах юм байна.
Бамбарыг Иватэ мужид 2011 онд болсон газар хөдлөлт, цунамид өртсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн, гамшигт өртөгсдийг байрлуулах түр орон сууц барихад ашигласан хөнгөн цагааныг дахин боловсруулж хийсэн юм байна.
Токио 2020 олимпийн наадмын медалиудыг ч мөн хаягдал материалыг дахин боловсруулж хийж байгаа аж. Дизайнер энэ талаараа “Гамшгийн дараа Иватэ мужийн хүүхдүүд сакура цэцэг зурсан байсан нь надад их сэтгэгдэл төрүүлсэн. Бамбарын загварыг энэ зургаас санаа авч гаргасан” гэж ярьжээ.
Бамбар танилцуулах ёслолд олимпийн гурван удаагийн аварга, жудочин Тадахиро Номуро оролцжээ. Зуны олимпийн бамбар ирэх оны гуравдугаар сарын 11-нд асах бөгөөд бамбарын буухиа Фүкүшима мужаас 2020 оны гуравдугаар сарын 26-нд эхлэх гэнэ.