ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч даваа гаригт удаан хугацаанд маргаан дагуулж байсан Хуурамч мэдээ, мэдээлэлтэй тэмцэх хуулийг батлахад гарын үсэг зурсан юм. Энэ хуульд заагдсанаар цахим орчинд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуурамч мэдээлэл түгээж, хэн нэгнийг ор үндэслэлгүй, нотлох баримтгүйгээр гүтгэсэн тохиолдолд тухайн сэтгүүлч, иргэнийг хорих хүртэл ялаар шийтгэх, мөнгөн торгууль тавихаар тусгажээ.
Хуурамч мэдээ, мэдээлэл түгээж тэр нь олон нийтийн дунд эмх замбараагүй байдал үүсгэх, цаашлаад хүний амь насанд заналхийлсэн бол тухайн хууль зөрчсөн этгээдийг 1,5 сая рубль хүртэлх мөнгөн дүнгээр торгох юм. Хэрвээ тухайн этгээд ахин эл хуулийг зөрчсөн тохиолдолд 15 хүртэлх хоногоор цагдан хорих аж. Мөн ОХУ-ын хууль тогтоогчид өнгөрсөн хоёрдугаар сард гадаад орноос хандаж буй серверийг хязгаарлах боломжтой хуулийг баталсан юм.
Олон улсын хүний эрхийн төлөө тэмцэгчид энэ хуулийг ард иргэдийн үгээ чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилсон явдал гэж шүүмжилсээр ирсэн юм. Учир нь тухайн мэдээллийг үнэн зөв эсэхийг улсын байгууллагын дүгнэлтээр тодорхойлох бөгөөд хуурамч мэдээллийг устгах ажлыг холбогдох байгууллага хийх юм. Мөн удаа дараа хуурамч мэдээ, мэдээлэл түгээсэн хэвлэл мэдээллийн байгууллага болон вебсайтыг хаах хүртэл арга хэмжээг авах аж.
Хуурамч мэдээ, мэдээлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсанаас болж энэ талаар Оросын нийгэмд ширүүн мэтгэлцээн үүсээд байна. Хуулийг эсэргүүцэгчид “Энэ бол ардчилсан эрх чөлөөг уландаа гишгэж буй хэрэг. Сөрөг хүчний хэвлэл мэдээлэл болон хүний эрхийн төлөө тэмцэгчдийн хувьд маш хор хөнөөлтэй. Зөвхөн эрх баригчдын ашиг сонирхлыг хангасан нэг талыг барьсан муу хууль боллоо” гэж шүүмжилжээ.
ОХУ-ын Ардчилал, хүний эрхийн төвийн тэргүүн Юрий Джибладзе хэлэхдээ “Шинэ хууль нь 2012 оноос эхэлсэн хууль эрх зүйн хүрээний дарангуйллын үргэлжлэл юм. Энэ бол Зөвлөлтийн үеийн доройтсон систем болон суртал ухуулгыг давтаж буй хэрэг” гэсэн байна. Дэлхийн хэд хэдэн оронд энэ төрлийн хуулийн зохицуулалт хийж, хуурамч мэдээ, мэдээлэлтэй тэмцэх арга хэмжээг авдаг.
Мэдээж хүний эрхийн төлөө тэмцэгчид энэ нь хэвлэн нийтлэх болон хүний эрхийн түгээмэл тунхаглалыг зөрчсөн явдал гэж шүүмжлэлтэй ханддаг. Учир нь өнөөдөр дэлхийн аль ч оронд энэ төрлийн хуурамч мэдээ, мэдээлэлтэй тэмцэх тухай асуудалд хамгийн зөв зохистой гаргалгааг хийгээгүй байна. Олон улсын хэвлэлийн эрх чөлөөний тайланг эрхлэн гаргадаг ‘Хил хязгааргүй сэтгүүлчид’ төрийн бус байгууллагын зүгээс энэ төрлийн хууль хэрэгжүүлдэг улс орнууд нийтлэг үндэслэлтэй хүний эрхийг хааж боогдуулах асуудлаас ангид хууль тогтоомжтой болох нь чухал байгааг сануулсаар байгаа аж.
Хуурамч мэдээ, мэдээлэлтэй тэмцэх тухай хууль баталж, түүний эсрэг үйл ажиллагаа явуулдаг улсууд нь бүгд Олон улсын хэвлэлийн эрч чөлөөний тайланд хойгуур байр эзэлдэг орнууд байгаа юм. Монгол Улсын хувьд Зөрчлийн тухай хуулийн дагуу хүнийг гүтгэсэн тохиолдолд хариуцлага хүлээдэг. Харин хуурамч мэдээ, мэдээлэлтэй тэмцэх тусгай хууль тогтоомж байхгүй юм.
Хуурамч мэдээ, мэдээлэлтэй тэмцэх асуудалд Хятад, Франц, Беларусь, Малайз, Вьетнам болон Кени улсууд хамгийн хатуу чанга хуулийг хэрэгжүүлдэг байна. Бүхэлдээ энэ улсууд хэвлэл мэдээллийн хэрэгслийг төрийн бодлогоор хянаж, цахим орчин дахь хуурамч мэдээлэлтэй маш хатуу хууль тогтоомжийн дагуу тэмцдэг аж. Харин Бельги болон Нигери улсуудад хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд гарсан хуурамч мэдээ, мэдээллийн үнэн зөвийг тодруулж холбогдох улсын байгууллагын зүгээс үнэн зөв мэдээллээр залруулаг хийдэг байна.
АНУ, ОХУ, Хорват болон Тайвань улсууд энэ асуудалд ижил төрлийн арга хэмжээ авдаг байна. Ялангуяа цахим орчинд улс төрийн шинж чанартай агуулга бүхий мэдээ, сурталчилгааг хориглож хуурамч мэдээ, мэдээлэл түгээсэн этгээдийг торгож, цаашлаад түр хугацаагаар саатуулах болон хорих арга хэмжээг авдаг аж. Итали, Мьянмар, Индонез, Камерун болон Зааны ясан эрэг улсуудад хууль сахиулах байгууллага буюу цагдаагийн байгууллага нь хуурамч мэдээ, мэдээлэлтэй тэмцэх ажлыг хийдэг байна.
Харин Их Британид иргэдийн мэдээллийн дагуу Үндэсний аюулгүй байдлын хороо нь хуурамч мэдээ, мэдээллийг шалгадаг аж. Канад, Швед, Испани болон Пакистан улсуудад хуурамч мэдээ, мэдээллийн үнэн зөвийг олох асуудалд тусгай ажлын хэсэг томилж шийдвэрлэдэг байна. Харин Турк болон Казахстан улсууд тусгай мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг аж.
Хамгийн сүүлд Өмнөд Солонгос улс энэ төрлийн хууль тогтоомждоо нэмэлт өөрчлөлт оруулахаар нийгэмд нь өргөн хэлэлцүүлэг үүсээд байгаа юм. Харин Филиппин улс хуурамч мэдээ, мэдээлэлтэй тэмцэх тухай хуулийг батлах ажил нь бүтэлгүйтсэн байна. Саудын Арабын сэтгүүлч, эрх чөлөө, дарангуйллын эсрэг тэмцэгч Жамал Хашогги нь өнгөрсөн оны аравдугаар сард Турк улс дахь Элчин сайдын яамандаа амиа алдсан билээ.
Түүний үхлийн шалтгааныг улс төрийн аллага байсан гэж албан бусаар үздэг. Жамал Хашоггиг Саудын Арабын шүүхээс цахим орчинд олон нийтэд хуурамч мэдээ, мэдээллийг түгээсэн гэж үзэн их хэмжээний мөнгөн дүнгээр торгож таван жилийн хорих ялаар шийтгэж байсан байна. Түүнд тохиолдсон энэ явдал бол хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боогдуулахын сөрөг талыг харуулсан хамгийн сүүлийн жишээ байсан юм.
Эх сурвалж: RSF, Poynter, NDTV, Telegraph
1 comment
nanaih gutgeleg gaaesan hevlel medeelel jujig kimotai bolson gazar enend mongolchuudiin tarhi n ergeed humuusiin oyun sanaa hagas galzuu boltson mongoliig huulgui bolgoson hun bolgon medehgui yumaa yrij duraaraa dongosj tuuniigee ardchilal gedeg hi hi hytaduud tuuniig n goe ashiglaj bn daa