ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид амиа алдсан гавьяат хуульч Л.Бямбаа агсны хэргийг өмгөөлж буй “Өмгөөллийн төв” консалтингийн өмгөөлөгч Д.Баттулгатай ярилцлаа.
-Хуульч Л.Бямбаа агсны шүүхийн шинжилгээний хариу гарсан уу?
-Шүүхийн шинжилгээний хариу хараахан гараагүй байна.
-Талийгаачийг ямар үндэслэлээр мөрдөн шалгаж, яллагдагчаар татсан байсан юм бэ?
-Талийгаачийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 буюу хээл хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар оролцож, хээл хахууль өгсөн гэж үзээд яллагдагчаар татан Эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан юм билээ.
-Өмгөөлөгчдийн зүгээс өмнө нь талийгаачийг олон цагаар цагдан хорьсон гэсэн мэдээллийг өгч байсан. Талийгаачийн цагдан хоригдох хугацаа нь хэзээ дуусах байсан гэдэг дээр тодорхой хариулт өгөхгүй юү?
-2019 оны хоёрдугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө буюу 00:40 цагийн орчимд талийгаачийг сэжигтнээр баривчилж, ШШГЕГ-н харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байдаг. Тиймээс талийгаачийг цагдан хорих 24 цагийн хугацаа нь 2019 оны хоёрдугаар сарын 23-ны 00:40 цагт дуусч суллах ёстой байсан. Гэтэл 24 цагаас илүү хугацаагаар цагдан хорьж байх үед талийгаач амь насаа алдсан байдаг. Хэрвээ хуулийн дагуу тогтоосон 24 цагт нь багтаан сулласан бол амь насаа алдахгүй байх боломжтой байсан гэж үзэж байгаа.
-Та сая талийгаачийг цагдан хорих 24 цагийн хугацааг хэтрүүлсэн гэлээ. Талийгаачийг ямар хуулийн заалтаар 24 цагийн хугацаанд цагдан хорих үндэслэлтэй байсныг тайлбарлаж өгөхгүй юү. Мөн сэжигтэн, яллагдагчийг ямар тохиолдолд 24, 48 цагаар цагдан хорьдог юм бэ?
-Хоёрдугаар сарын 21-22-нд шилжих шөнө талийгаачийг сэжигтнээр татаж, хойшлуулшгүйгээр баривчилсан байгаа юм. Хэрвээ сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилсан тохиолдолд 24 цаг, шүүхийн зөвшөөрлөөр 48 цагийн хугацаатай цагдан хорино. Харин яллагдагчаар татсан тохиолдолд шүүхийн тогтоол үйлдэх хугацаа өөр болдог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-т зааснаар мөрдөгч нь сэжигтнийг баривчилсан тохиолдолд яллагдагчаар татах саналаа прокурорт даруй хүргүүлнэ. Ингээд хуулийн дагуу прокурор саналыг үндэслэлтэй гэж үзвэл саналыг хүлээн авснаас хойш зургаан цагийн дотор баривчилсан сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах эсэхийг шийдвэрлэдэг. Талийгаачийг хоёрдугаар сарын 22-ны өдөр АТГ-т авчирсан байдаг. Энэ бол ажлын өдөр буюу баасан гараг байсан. Тус өдөр талийгаачийг яллагдагчаар татсан.
Яллагдагчаар татсан тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээ нь арай өөр байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-т яллагдагчид ямар таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хуулиар зааж өгсөн. Тухайлбал, яллагдагчид хувийн баталгаа гаргах, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг нь түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, барьцаа авах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авдаг. Үүний дагуу баасан гараг буюу хоёрдугаар сарын 22-ны орой цагдан хорих саналыг АТГ-аас шүүхэд хүргүүлсэн байдаг. Шүүхээс ажлын цаг дууссан гэж үзээд цагдан хорих саналыг нь хүлээж аваагүй. Хоёрдугаар сарын 25-ны өдөр цаг товлосон байсан. Сэжигтнийг статус нь дуусгавар болж, яллагдагчийн статустай болсон тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээний аль нэгийг авах үүрэгтэй. Нэгэнт шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй тохиолдолд АТГ-аас таслан сэргийлэх арга хэмжээний бусад төрлүүдийг хэрэглэх боломжтой байсан.
-Нэгэнт шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй тохиолдолд АТГ-аас таслан сэргийлэх арга хэмжээний бусад төрлүүдийг хэрэглэх боломжтой байсан гэлээ. Тухайлбал, ямар таслан сэргийлэх арга хэмжээг авч болох байсан гэж үзэж байгаа юм бэ?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-т сэжигтнийг яллагдагчаар татсан тохиолдолд таван төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй. Үүн дотроос мөрдөгчийн зөвшөөрлөөр хувийн баталгааг гаргах эрхтэй. Тэгэхээр яллагдагчийг цагдан хорих шүүхийн шийдвэр нэгэнт гараагүй учраас мөрдөгч хувийн баталгаа гаргаж суллах үүрэгтэй байсан гэсэн үг. Тиймээс хувийн баталгаа гаргаж суллаагүйгээс амь насаа алдсан гэж үзэж байгаа.
-Талийгаачийг захидал үлдээсэн гэсэн мэдээлэл байсан. Энэ үнэхээр бодитой эсэх дээр тайлбар өгөхгүй юү?
-Олон нийтийн сүлжээнд талийгаачийг гэрээслэл үлдээсэн гэсэн мэдээлэл гарсан ч одоогийн байдлаар хохирогч, өмгөөлөгч нар захидалтай танилцаагүй. Өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлттэй танилцах эрхийн хязгаартай байдаг. Гэрээслэл бичсэн эсэхийг бид мэдэхгүй байна. Мөрдөн байцаалтын ажил дууссаны дараа тодорхой болно.
Эх сурвалж: itoim.mn