Төр нийгмийн зүтгэлтэн агсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийнхнийг шалгаж эхэлжээ. Тус ажлын хэсэгт багтаж байсан хоёр хүнийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гуравдугаар сарын 18-ны өдөр 14 хоног саатуулан шалгах шийдвэр гарсан байна. Ажлын хэсгийн дэд дарга М болон өөр нэг ажилтан Б нарыг мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй гэх үндэслэлээр цагдан хорьж шалгахаар болжээ.
Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хоёр хүнийг мөн өчигдөр (2019.03.19) АТГ-аас саатуулсан гэх мэдээлэл байна. АТГ-аас саатуулсан учир нь Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгаж, чиг үүргийг нь АТГ-т шилжүүлсэн байдаг юм.
Өнгөрсөн хугацаанд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалтын үйл явцын талаар Тагнуулын ерөнхий газраас дотоод хяналт, шалгалт явуулсны дүнд ийнхүү шалгаж эхэлжээ. Энэ хэргийг мөрдөн шалгахдаа хууль зөрчсөн, хууль бус арга хэрэглэсэн, эрүүдэн шүүсэн гэдэг асуудал яригдаж эхлээд байна.
Энэ талаарх гомдлыг ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгч гаргасан бололтой.