2019 оны хаврын мод тарих өдрүүдийг угтан тарьц суулгац худалдан авах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулан Нийслэлийн Байгаль орчны газраас мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудын тарьц суулгацын нөөцийн мэдээллийг 2019 оны байдлаар нэгтгэн гаргалаа.
Дүн мэдээгээр 32 аж ахуйн нэгжийн 7,636,228 тарьц суулгац бүртгэгдээд байна. Нийслэлийн хэмжээнд судалгаанд хамрагдаж чадаагүй мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд тарьц суулгацын дүн мэдээгээ манай байгууллагад илгээх боломжтой.
Мөн манай байгууллагаас нийслэлийн хэмжээнд төв суурин газруудад ойн зурвас, жимс жимсгэнийн мод, бут тариалах, агро-ойжуулалт хөгжүүлэх, ойн хомсдол доройтлоос үүдэн гарах сөрөг нөлөөллийг багасгахад иргэдийн оролцоог хангах үнэ төлбөргүй сургалтуудыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөсөн болно.
Хаврын мод тарих тохиромжтой хугацаа буюу 4 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 20-ны үед иргэн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад хүчин зүтгэл гаргаж ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд идэвхитэй оролцохыг Нийслэлийн Байгаль орчны газраас уриалж байна.