Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2019-2020 оны хамтын хэлэлцээр байгуулжээ. Уг хэлэлцээрийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр эл салбарт хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх ашгийг хамгаалах, ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг өсгөн, тогтвортой байдлыг ханган, үндсэн цалин болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үе шаттай нэмэх зорилгоор байгуулдаг бөгөөд хоёр жил тутамд шинэчилдэг аж.

Энэ удаад тус салбарт ажиллагсдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 384 000-аас 640 000 төгрөгт хүргэх, сул зогсолтын үед үндсэн цалингийн 60 хувиар цалинжуулах, үйлдвэрчний эвлэлтэй байгууллагын ажилчдад жил бүр үндсэн цалингийн зургаан сартай тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулал олгох шийдвэрт хүрчээ. Мөн дээрх салбараас цомхотголд өртсөн болон хувьчлалын улмаас ажлаас чөлөөлөгдсөн хүнд 1-24 сарын үндсэн цалинтай тэнцэхүйц тэтгэмж олгох, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчтэй иргэдийн хүртдэг нөхөн олговрыг нэмэх, хөдөлмөрийн чадвар нь сэргэсэн хүмүүсийг эргүүлэн ажиллуулах зэрэг заалтыг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Үүнээс гадна 2019 онд багтаан Тавантолгойн ордоос урд хөрш рүү нүүрс тээвэрлэдэг 13 000 гаруй жолоочийг нийгмийн даатгалд хамруулах зорилготой гэдгээ Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал онцоллоо.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн