Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар салбарынхаа цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын өгсөн үүрэг болон салбарын зарим мэдээллийг тоймлоё.
Тавантолгойн IPO босгох ажил эрчимжинэ
Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, олон улсын зах зээлд IPO гаргах бэлтгэл ажил үе шаттай хийгдэж байгааг салбарын сайд онцоллоо. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд олон улсын хөрөнгийн бирж болон гаднын томоохон банк санхүүгийн байгууллагуудтай уулзалтууд хийсэн байна.
Ажлын хэсэг олон улсын ямар банкийг сонгох, хамтран ажиллах талаар судалгаа хийж байгаа юм байна. Мөн Канад, ХонгКонгийн хөрөнгө оруулагчдад Тавантолгой төслийг танилцуулах ажлыг хийжээ. Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын хэлснээр хөрөнгө оруулалт идэвхжих таатай цаг хугацаа буюу дөрөвдүгээр сар болон найм, есдүгээр сард олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар төлөвлөж байгааг хэлсэн.
1072 хувьцаа эзэмшигчдэд 53 мянган төгрөгийн ногдол ашиг тараана
“Эрдэнэс-Тавантолгой” компани 2018 онд 800 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан билээ. Засгийн газраас “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч иргэд буюу 1072 ширхэг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргасан. Тэгвэл энэ хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард компанийн ТУЗ хуралдаж, ногдол ашиг тараах тухай шийдвэр гаргажээ.
Энэ талаар салбарын сайд Д.Сумъяабазар “Ирээдүйн өв сан дээр хуулийн дагуу 200 гаруй тэрбум төгрөг төвлүүлэх юм байна. Ногдол ашгийн хувьд хувьцаа эзэмшигч иргэн бүрт 53 мянган төгрөг хуваарилах тооцоо гарсан. Хуваарилалтыг ямар байдлаар олгох талаар ТУЗ-ийн шийдвэр удахгүй гарна” гэлээ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барина
ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу Тавантолгой-Гашуусухайт чиглэлийн мөмөр замын бүтээн байгуулалтыг ойрын хугацаанд эхлүүлнэ. Сайд Д.Сумъяабазар хэлэхдээ “Энд ганцхан далан барих асуудал яригдахгүй. Ганцхан Тавантолгойн төмөр замын төсөл биш цогц бүтээн байгуулалтыг хийнэ. Уулын ажлыг төвлөгөөг олон улсын стандартаар хийнэ, төмөр зам, коксжих нүүрсний үйлдвэрээ барина. IPO амжилттай хийж, босгосон хөрөнгөөрөө дэд бүтцийн том хөрөнгө оруулалтуудыг хийнэ” гэв.
ЕТГ-ын дарга З.Энхболдын ярьсан шиг 400 лицензийг цуцлах хуулийн заалт байхгүй
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийх үеэр улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн 400 гаруй тусгай зөвшөөрлийг цуцалж, төрд авна гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ талаар Уул уурхайн сайдаас тодруулахад “Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд төрийн мөнгөөр хайгуул хийсэн ордын лицензийг цуцлах, төрд буцаан авах зохицуулалт байхгүй. Эдгээр тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа этгээдүүд хуулийн дагуу ажлаа хийгээд, татвараа төлөөд явж байгаа. Хэрвээ хуулийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах боломжтой. Харин ЕТГ-ын дарга ямар үндэслэлээр улсын төслийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордын тусгай зөвшөөрлийг цуцална гэж ярьсныг өөрөөс нь асуух ёстой” гэсэн тайлбарыг өглөө.
“Эко алтан заамар” компанийн бүх тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэг өгчээ
Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Эко алтан заамар” компанийн хайгуулын талбайд болсон ослын асуудалд байр сууриа илэрхийллээ. Тэрээр “зөвхөн олзны хойноос явснаас болж хүний амь нас эрсэдсэн. Уурхайд сорчилж олборлолт явуулсны гайг өнөөдөр хүний амь насаар төлж байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ явдалтай холбоотойгоор “Эко алтан заамар” компанийн тусгай зөвшөөрлийг шууд цуцлах ёстой. Цуцлах үүргийг ч холбогдох албаныханд өгсөн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан ёсны дүгнэлт гарахыг хүлээж байгаа. Дүгнэлт гарсны дараа “Эко алтан заамар” компанийн бүх тусгай зөвшөөрлийг цуцална. Хариуцлага гэдэг бол хүний амь нас эрсэдсэний дараа биш, эрсдэл гарахаас өмнө мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сонсч, аюулгүй ажиллахаас эхэлнэ” гэлээ. “Эко алтан заамар” компани нь нийт дөрвөн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд нэг тусгай зөвшөөрлийнх нь талбай дээр осол гарсан байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт хаягдал газрын тос булахгүй байх үүрэг өгчээ
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд газрын тос олборлогч компаниуд хаягдал газрын тосоо Монгол Улсын нутаг дэвсгэрт булахгүй үүрэг чиглэлийг өгсөн байна. Манай хоёр хөрш маань ч хаягдал газрын тосыг газар нутаг дээрээ булахыг хориглосон. Хоёр хөрш хориглоод байхад манайх ч бас хориглох ёстой. Байгаль орчны сайд болон Уул уурхайн сайдын хамтарсан тушаал ирэх даваа гаригт гарна. Ингэснээр газрын тосны хаягдлыг Монголын нутаг дэвсгэрт булуулахгүй гэлээ.
4 comments
Тэгээд хаягдал тосоо хаана хаяж байгааг судалж арга хэмжээ авахгүй бол гарсан хаягдлыг заавал ямар нэг байдлаар хаяж л байгаа, тэгээд хаана хаядаг болж байна?
ene yagaad nomtoibayart tomsogduulev
Ноогдол ашгаа нефьтийнхээ үйлдвэрт ард түмнээрээ хэлэлцүүлж байгаад хувьцаа маягаар хөхөнгө оруулах хэрэгтэй байхаа
Ene er ni harvaas uragshgui,