Найзтайгаа хамтарч эгчийгээ хөнөөн, хэргээ нуун далдлах зорилгоор орон сууцанд гал тавьсан хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, шүүхэд шилжүүлжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 21-нд Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Саруул” хотхонд төрсөн эгчийгээ найзтайгаа нийлэн санаатайгаар амийг нь хөнөөж, цогцсыг нь байранд нь шатаасан хэрэг гарсан. Дуудлагын дагуу Онцгой байдлын газраас очиход 27 настай эмэгтэй галд өртөж амиа алдсан байдаг.
Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.03.01/ гэмт этгээдүүдийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг боллоо.
Прокуророос сэжигтэн Д.Батхуяг, О.Энхбаяр нарт Эрүүгийн хуулийн 10.1.2.2, 10.1.2.4, 10.1.2.5, 10.1.2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагчдыг шүүхэд шилжүүлсэн бөгөөд гуравдугаар сарын 13-нд шүүх хурал нь товлогджээ.
Мөрдөн байцаалтын явцад гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогджээ. Түүний төрсөн дүү болох 20 настай Д.Батхуяг нь 21 настай найз О.Энхбаярын хамт өс хонзонгийн сэдлээр эгчийнхээ хоолойг нь боож амийг нь хөнөөгөөд хэргийн ул мөрөө баллахын тулд гэрийг нь галдан шатаасан нь тодорхой болсон юм.
Талийгаач эмэгтэй гэртээ ганцаараа амьдардаг байсан бөгөөд амиа алдахаасаа өмнө дансандаа 30 сая төгрөг байршуулсан байжээ. Түүний дүү Д.Батхуяг нь шунахайн сэдлээр бүлэглэн эгчийнхээ амь насыг нь хохироосон болохоо мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрсөн байдаг.