АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин өчигдөр сенатчдын тавьсан асуулгын дагуу улс орныхоо улсын өрийн хэмжээг нэрлэж чадсангүй. АНУ-ын Конгрессийн Сенатын Санхүүгийн хорооны сонсголоор түүнээс АНУ-ын улсын өр одоо 25 их наяд доллараас давсан уу гэж асуужээ. Гэтэл сайд “Би энэ тоог яг нарийн гэж үзэхгүй байна” хэмээсэн байна.
Тэгтэл сенатчид улсын өрийн яг нарийн хэмжээг асуутал сайд хойш эргэн хараад туслахуудтайгаа зөвлөлдсөний эцэст “Бид нарийн үзүүлэлтээр дараа нь хариулъя” гэжээ. Тэр үед Невада мужаас суугаа ардчилсан намын гишүүн Кэтрин Кортес Мэсто “Байж байгаарай. Та Сангийн сайд байж үндэсний өрийнхөө хэмжээг мэдэхгүй энд сууж байна гэж үү?” хэмээн шүүмжилжээ. Түүгээр ч зогсохгүй энэ асуултад хариулж ч амжаагүй байхад сенатч бүсгүй АНУ-ын улсын өр 20 их наядыг давсан гэж мэдэгдсэн байна.
Энэ үед Мнучин “25 гэхээсээ илүү 22 их наядад ойртоно” гэтэл “Илүү юм ярихгүй ээ, 22 их наяд л байгаа” гэж Кортес Мэсто тэмдэглэжээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Сангийн яам улсын өрийн таазанд хүрсэнтэй холбоотойгоор санхүүгийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд нэн яаралтай арга хэмжээ авна гэж мэдээлж байсан юм.
Одоогийн байдлаар АНУ-ын улсын өр 22,1 их наяд долларт хүрээд байна. Ерөнхийлөгч Дональд Трамп төрийн тэргүүнээр ажилласан энэ хоёр жилийн хугацаанд тус улсын өр хоёр их наяд доллараар нэмэгджээ. ОУВС-гийн тооцоолж байгаагаар АНУ-ын улсын өр 2023 он гэхэд ДНБ-ий 117 хувьд хүрэх төлөвтэй байна.
Эх сурвалж: tass.ru