УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 13-ны өдөр БНЭУ-ын шинээр томилогдсон Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УУХҮ-ийн сайд “Монгол Улс, БНЭУ стратегийн түншлэлийн харилцаатай, түүх соёлын хувьд олон зуун жилийн харилцаатай. Сүүлийн жилүүдэд хоёр орны уул уурхайн салбар, тэр дундаа газрын тосны үйлдвэр байгуулах асуудлаар хамтын ажиллагааг өргөжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж цаашид энэ төслийг эрчимжүүлэх, амжилттай хэрэгжүүлэхэд Элчин сайдын оролцоо, дэмжлэг үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна” гэлээ.
Элчин сайд М.П.Сингх сайд Д.Сумъяабазарыг цаг гарган хүлээн авсанд талархал илэрхийлж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжсэнээр хоёр улсын харилцаа шинэ түвшинд гарах тул төслийн үйл ажиллагаа хугацаандаа хэрэгжихэд өөрийн зүгээс анхаарч ажиллахаа хэлэв. Энэхүү төсөл төлөвлөсөн хугацаандаа амжилттай хэрэгжихэд БНЭУ-ын Газрын тосны яам анхаарч ажиллаж байгааг мөн уламжиллаа.
Мөн уулзалтын үеэр УУХҮ-ийн сайд БНЭУ-ын элчин сайдтай энэ оны хоёрдугаар сарын 10-12-ны өдрүүдэд БНЭУ-ын Шинэ Дели хотноо зохион байгуулагдсан “Петротек-2019” арга хэмжээний үеэр хийсэн уулзалт болон Газрын тосны чиглэлээр Монголоос оюутан, мэргэжилтэн сургах, бэлтгэхэд Энэтхэгийн талтай хамтран ажиллах, Монгол Улсад Энэтхэгийн аж үйлдвэрийн үзэсгэлэнг зохион байгуулах талаар санал солилцсон юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.