Дэлхийн 170 улсыг хамарсан судалгааны үр дүнд ардчилсан нийгэм нь хүмүүсийн эрүүл мэнд, урт наслалтад эерэг нөлөөтэй болохыг баталжээ. Тодруулбал сүүлийн 50 жилийн хугацаанд ардчилсан нийгэмд шилжсэн улс орнуудын иргэдийн наслалт уртсаж, зүрх судас, хорт хавдрын өвчлөлтэй холбоотой нас баралтын хэмжээ буурсан бөгөөд тэр ч байтугай авто замын осол багассан нь харагдсан байна.
Хэдийгээр дэлхийн хүн амын ихэнх хэсэг ардчилсан нийгэмд амьдарч байгаа ч түүний хоёр тэрбум гаруй нь сүүлийн жилүүдэд ардчиллаас ухрах хандлагатай улс оронд амьдарч байна. Үүний жишээ нь Энэтхэг, Турк, Бразил, АНУ гэнэ. Өөрөөр хэлбэл дэлхий нийтийн ардчилал өнөөдөр урьд өмнө хэзээ ч үзэж байгаагүй хүнд сорилттой тулгараад байгаа юм. Lancet сэтгүүлд нийтлэгдсэн энхүү судалгааны тайланд өгүүлснээр хэрвээ Хятад улс Польш зэрэг улсын туулсантай ижил ардчилсан шилжилтийг өнгөрсөн хугацаанд хийсэн бол зөвхөн зүрх судасны өвчлөлөөр нас барах хүний тоо нь 10 саяар бага байх байсныг тооцоолжээ.
Ардчилсан нийгэмд амьдарч байгаа хүмүүс өөрийн эрүүл мэндэд анхаарал тавихыг эрх баригчдаас илүү сайн шаардаж чаддаг нь үүнтэй холбоотой гэнэ. Судалгааг АНУ-ын Гадаад Харилцааны Зөвлөл, Эрүүл Мэндийн Үнэлгээ, Хэмжилтийн Хүрээлэн байгууллагууд хамтран гүйцэтгэж, Bloomberg Philanthropies, Bill & Melinda Gates Foundation байгууллагууд санхүүжүүлсэн байна.
Эх сурвалж: The Guardian