Өнгөрсөн есдүгээр сард сонгогдсон Шведийн шинэ парламентын гишүүдийн өдөр тутмын ажил бидний хувьд төсөөлөхөд ч бэрх нөхцөлд явагддаг байна. Тухайлбал, долоохон метр квадрат талбайтай оффист, татвар төлөгчдийн мөнгийг ашиглахад том хориг хязгаартайгаар үйл ажиллагаа явуулдаг аж.
Шведийн парламентын гишүүд бусад орны гишүүд шиг нэмэлт хөнгөлөлт эдэлдэггүй. Үүнээс гадна “гишүүний дархлаа” гэж огт байдаггүй.
“Бид бол энгийн л иргэд. Парламентынхан гэсэн онцгой эрх ямбаны ойлголт огт байхгүй. Яагаад гэвэл бидний бодлого бол иргэдээ төлөөлж, тэднийхээ амьдарч байгаа бодит байдлыг мэдэх явдал. Иргэдээ төлөөлнө гэдэг өөрөө эрх ямба юм” хэмээн Социал демократ намын орлогч Пер-Арне Хоканссон BBC News Brazil-д мэдээлжээ.
Тухайлбал, Шведийн парламентын 349 гишүүн, дээр нь Ерөнхийлөгч нь жил бүр нийтийн тээвэр ашиглах карт авдаг байна. Албаны машин бага. Тэдгээрийг тун цөөн тохиолдолд л хэрэглэнэ. Парламент нь л гэхэд Volvo S80 загварын гуравхан автомашинтай. Үүнийг парламентын ерөнхийлөгч нь болон гурван дэд ерөнхийлөгч нь л албан ёсны арга хэмжээний үеэр унана.
“Энэ таны такси биш. Албаны машиныг гэртээ хүргүүлэх, эсвэл ажилдаа ирэхэд унах нь тохиромжгүй” хэмээн парламентын захиргааны хэсгийн Рене Поедтке тайлбарлажээ.
Шведэд машинтай байх эрхтэй цорын ганц улстөрч нь Ерөнхий сайд юм. Түүний автомашин Шведийн Улсын аюулгүй байдлын албанд хамаарна. Тэгвэл зөвлөх, сайд нар нь хүндэтгэх шалтгаантай үедээ л тээврийн хэрэгсэл хүсч унах боломжтой.
Шведийн парламентын дундаж цалин 66900 швед крон буюу сарын 7200 орчим доллар болдог. Үүнээс өндөр татваруудаа төлөөд гар дээрээ 40000 швед крон буюу 4300 орчим доллар авдаг байна. Энэ нь Шведийн бага ангийн багш нарынхаас хоёр дахин бага цалин. Стокгольмоос өөр газраас сонгогдсон, нийслэлд амьдрах байр байргүй гишүүдэд нийслэлд ажиллах долоо хоногийн өдрөөр нь тооцож, өдрийн 110 швед крон буюу 12 орчим долларын тэтгэмж олгодог. 1957 оныг хүртэл Шведийн парламентын гишүүд цалин ч үгүй, намынхаа гишүүдийн хандиваар амьдардаг байлаа. Харин нэг ч иргэн эдийн засгийн шалтгаанаар парламентын гишүүн болох боломжоо хасуулж болохгүй гэсэн шалтгаанаар тэдэнд цалин олгох болсон гэдэг. Гэхдээ тэд цалингаа нэмүүлэх эрх бараг үгүй.
Стокгольмоос өөр газраас сонгогдсон гишүүд тэтгэмж авдаг гэж дээр мэдээлсэн. Тэд албаны ажилтнуудын байранд амьдрах эрхтэй гэнэ. Ийм байр нь дунджаар 45,6 м.кв талбайтай. Нэг өрөөтэй ийм байр заримдаа 16 м.кв байх нь ч бий. Шведийн парламентад ашиглагддаг 197 орон сууц бүхий энэ байрны найм нь л 70-90 м.кв талбайтай.
Үнэндээ энэ байр нь Шведийн хорихуудын камераас нэг их ялгарах юмгүй. Учир нь Шведийн хорихын камер ч өөрийн гэсэн тусдаа угаалгын өрөөтэй байдаг аж. Парламентын гишүүдийн байр угаалгын машин, аяга сав угаагч, хоёр хүний ор ч байхгүй. Энэ байранд гэр бүлийнхэн нь хоноглохоор ирэх нөхцөлд л дугуйтай нэмэлт орж гаргаж өгдөг байна.
Үүнээс гадна парламентын гишүүд өөрсдөө гэрээ цэвэрлэдэг. Үнэгүй их цэвэрлэгээ жилд ганц л удаа буюу парламентын зуны завсарлагааны үеэр л явагддаг аж. Энэ ч гайгүй. Парламентын гишүүдийн байранд ирсэн гишүүний эхнэр, хүүхэд ч ганц хонохдоо төрийн байранд заавал төлбөрөө төлөх үүрэгтэй.
Парламентын байранд өдөр тутмын сонин, янз бүрийн хэвлэлтэй мухлаг байдаг. Энэ мухлагийг хамтдаа ашиглахад зориулагдсан бөгөөд сонин, хэвлэлийн захиалгын төлбөрийг намаас нь санхүүжүүлдэг байна. Учир нь гишүүдэд хэвлэл захиалах төсөв байдаггүй.
Кафе байдаг ч үйлчлэгчгүй. Гишүүд хоол хүнсээ өөрсдөө даана. Хоолоо идсэний дараа гишүүд аяга тавгаа заавал хурааж тавих үүрэгтэй. Хүн бүр өөрсдийн аяга таваг, халбага сэрээг бие даан угаана.
Мөн гишүүд хувийн зөвлөх, нарийн бичгийн даргагүй. Намын нарийн бичгийн даргын газраас л тэдэнд тусалж үйлчилнэ.
Эх сурвалж: Lifter.com.ua
2 comments
төрийн ажил зөв явдаг газар байна.
Санаа авмаар л юм байна. Ийм болохоор гишүүн брлох гэж үхэн хатан гүйдэггүй биз.