Автобуснууд жилд 55 тонн хорт утаа ялгаруулдаг

Нийслэлийн нийтийн тээвэрт явуулж буй зарим автобусанд утаа шүүгч “MoCobee CT3” загварын төхөөрөмж суурилуулж, туршсан нь үр дүнгээ өгсөн хэмээн ЖАЙКА олон улсын байгууллагаас өчигдөр мэдэгдэв. Тодруулбал, өнгөрсөн оны наймдугаар сард тус байгууллагынхан утаа тортгийг 100 хувь шүүх чадалтай төхөөрөмжийг “Зорчигч тээврийн нэгтгэл” болон “Сутайн буянт” компанийн 24 автобусанд суурилуулсан байна. Уг төхөөрөмж нь автобусны “хаясан” утааг агаарт дэгдэхээс өмнө сорж, хортой элементүүдийг шүүдэг аж. Шүүлтүүргүй нэг автобус өдөрт 175 гр нарийн ширхэглэгт тоосонцор “хаядаг” гэх тооцоог япончууд гаргажээ.

Нийслэлд өдөрт 1000 орчим автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд тэдгээр тээврийн хэрэгсэл жилд 55 тонн хорт утаа ялгаруулдаг байна. Уг төслийг ирэх есдүгээр сар хүртэл хэрэгжүүлэх юм билээ. Утааны тортог шүүх “MoCobee CT3” загварын төхөөрөмжийн шүүлтүүрийг долоо хоногт 1-2 удаа цэвэрлэж, ариутгадаг гэнэ. 100 жил ч ашиглах боломжтой, бат бөх эд гэдгийг япон мэргэжилтэн хэлж байлаа. Үүнээс гадна ЖАЙКА-гийнхан гэр хороололд Агаарын чанарын хяналтын бичил станц суурилуулжээ. 24 цагийн үйл ажиллагаатай уг станц Баруун, Зүүн салаа, Баянхошууны замын уулзварт байрладаг. Утаа ихтэй энэхүү уулзварт 5-6 сургууль, мөн тооны цэцэрлэг бий аж. Бичил станц агаарын чанар хэмжихээс гадна гялгар уут, дугуй шатааснаас болж бидний амьдарх орчин хэрхэн бохирдож буйг шинжилдэг гэнэ.

Нийслэлийн агаарын чанарын үзүүлэлт олон улсын стандартаас хоёр дахин илүү гардгийг уг суурин станцад ажилладаг, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын суурин харуул хариуцсан мэргэжилтэн Д.Санчирбаяр дуулгасан. Агаарын чанарын өдөр тутмын үзүүлэлтийг Засгийн газар, БОАЯЖ, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар зэрэг байгууллагад тогтмол мэдээлдэг аж.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн