Норвеги улс хуванцар дахин боловсруулах хөтөлбөр явуулж эхэлсэн нь гайхалтай үр дүн өгч, өдгөө хуванцар савны 97 хувийг дахин боловсруулдаг болжээ.Энэ бүгд экологийн татварын үр дүнд бий болсон байна. Тэгвэл энэ хөтөлбөрийн онцлогийн талаарх мэдээллийг хүргэе.
Норвеги улсад 2014 оноос эхлэн хуванцар үйлдвэрлэгч, импортлогч бүх газарт экологийн татвар ногдуулж эхэлжээ. Энэ татвар нь маш өндөр. Өөрөөр хэлбэл нэг саванд 40 орчим центийн татвар ногдуулж эхэлжээ. Харин хуванцар саваа дахин боловсруулах тусам татвар нь багасна.
Хэрвээ тухайн компани хуванцрын 95-аас дээш хувиа дахин боловсруулж чадвал татвар нь тэг хувьтай тэнцдэг байна. Худалдан авагчид ч мөн худалдан авсан хуванцар сав тутамдаа багахан хэмжээний “барьцаа” төлнө. Энэ мөнгөө буцаан авахын тулд ашигласан саваа супермаркет, дэлгүүрт байршуулсан 3700 автомат машины нэгэнд хийнэ. Ингээд штрих кодоор нь савыг бүртгэн авч, купон эргүүлэн олгодог байна.
Ийм схем Герман, Америкийн зарим мужид ч байдаг. Гэхдээ Норвегийн систем хуванцар хог хаягдлыг устгах эрэлтэд илүүтэй нийцдэг юм. Энэ үйл ажиллагааг Infinitum зохицуулдаг бөгөөд 2017 онд тус байгууллага нийт 591 сая гаруй хуванцар сав цуглуулж чаджээ.
Тус байгууллагын ерөнхий захирал Кьелл Олав Мелдрумын хэлснээр энэ систем маш үр дүнтэй болсон гэдгийг өдгөө тус улсад ашиглагдаж байгаа ихэнх сав дахин боловсруулсан материалаар хийгдсэн гэдгээр тайлбарлаж болно гэжээ.
“Манайх дэлхий дээрх хамгийн үр дүнтэй системтэй. Экологийн цэвэр компаниуд хуванцраас зайлсхийх ёстой. Гэхдээ түүнтэй зөв харьцаж, дахин боловсруулбал ашиглахад хамгийн боломжийн бүтээгдэхүүн болно. Учир нь хуванцар хөнгөн, амархан хэлбэрт ордог, бас хямдхан” хэмээн Infinitum компанийн логистикийн захирал Стен Нерланд ярьжээ.
Гэхдээ хуванцрын тахал дэлхий дахинаа үргэлжилж байна. Дэлхий дээр жилд 8 сая орчим тонн хуванцар далай руу хаягддаг байна. Энэ байдал удаан үргэлжилбэл 2050 он гэхэд далайн хог хаягдал загаснаасаа ч их болно гэсэн үг юм.
Харин сүүлийн жилүүдэд дэлхийн олон орон Норвегийн загварыг судалж эхэлжээ. Тухайлбал, Шотланд, Англи, Хятад, Энэтхэг, Казахстан, Хорват, Франц, Нидерланд, АНУ, Австрали зэрэг улс энэ улсын жишээг судалж байна.
Эх сурвалж: Lifter.com.ua