Норвегийн их мастер Магнус Карлсен нь одоогийн шатрын дэлхийн аваргын цолыг эзэмшигч юм. Тэрээр 13 настайдаа шатрын их мастерын болзлыг хангаж байжээ. Энэ амжилтаараа түүхэнд хамгийн залуудаа шатрын их мастерын болзлыг хангасан хоёр дахь хүн болсон юм. Магнус Карлсен 2009 оноос хойш түүхэн дэх хамгийн залуугаараа буюу 19 наснаасаа эхлэн дэлхийн шатрын чансааг тэргүүлж эхэлсэн байна. Арван жилийн турш дэлхийн чансааг тэргүүлж буй нь шатрын спортын түүхэнд хоёрт бичигдэх үзүүлэлт аж. Одоо түүний дээр зөвхөн ЗХУ-ын тамирчин бүх цаг үеийн хамгийн агуу шатарчин, домогт их мастер Гарри Каспаровын амжилт байгаа юм.
Магнус Карлсен 2013 онд буюу 22 насандаа дэлхийн аварга Энэтхэгийн их мастер Вишванатан Анандыг ялж шатрын үнэмлэхүй дэлхийн аварга болсон байна. Тэмцээний дараа түүнд дийлдэшгүй аварга гэх цолыг олгосон аж. Учир нь тэрээр тухайн жилдээ нийт тэмцээнээс 2.872 оноог цуглуулж шатрын спортын түүхэн дээд амжилтыг тогтоосон байна. Дараа жил нь энэ амжилтаа ахиулж 2.882 болгон шинэчлэн тогтоосон аж. Мөн тэрээр хоёр удаагийн түргэн бодолт, шатрын дэлхийн аварга бөгөөд дөрвөн удаагийн блитз шатрын дэлхийн аварга юм. Түүнийг дийлдэшгүй, гоц ухаантан гэсэн үгс л тодорхойлдог. Дэлхийн шатрын холбооны зүгээс түүнийг бүх цаг үеийн хамгийн эзэрхүү шатарчин гэж томьёолсон байна. Түүний “IQ” оноо 190 бөгөөд дэлхийн нийт хүн амын ердөө 0,02 хувь нь 190 ба түүнээс дээш “IQ”-тэй байдаг аж.
Өнөөдөр дэлхийд Магнус Карлсеныг дийлэх байтугай түүнтэй ширүүн өрсөлдөх тамирчин ч цөөн байгаа юм. Тиймээс түүний энэ гоц чадварын ард юу нуугдаж байгааг хүргэх үүднээс бага насны намтрыг нь орчуулан хүргэж байна. Тайлбар Свен Магнус Ээн Карлсен нь 1990 оны арван нэгдүгээр сарын 30-нд Норвеги улсын Тёнсберг хотод мэндэлсэн байна. Түүний эцэг эх нь хоёул инженер мэргэжилтэй хүмүүс аж. Аав, ээж хоёр нь түүнийг мэдээ ороход нь гоц ухаантай нэгэн болохыг нь мэдсэн байна.
Тэрээр хоёр настай байхаасаа хэр баргийн хүн чадахааргүй пазлыг төвөггүй эвлүүлдэг болсон юм. Дөрвөн настай байхдаа 10 настай хүүхэдтэй ижил оюуны чадамжтай болох нь тогтоогдсон бөгөөд лего эвлүүлдэг тоглоом ашиглан итгэмээргүй зүйлсийг хийдэг байсан аж. Хүүхдийнхээ энэ өндөр оюуны чадамжийг олж нээсэн аав нь хамгийн анх таван настай байхад нь шатар зааж өгсөн аж. Тэрээр анхнаасаа маш сайн төвлөрч чадаж байсан боловч түүнд анхандаа шатар тийм ч их таалагдаагүй байна. Гэвч төд удалгүй нуруугаа ч тэрийлгэлгүй олон цагаар шимтэн тоглох болсон аж. Нэгэн удаа аав нь сэтгүүлчдэд “Магнус Карлсений өнөөдрийн энэ их амжилтад төрөлхийн гоц ухаан гэхээсээ илүүтэй түүнийгээ хөгжүүлж уйгагүй хичээсэн нөр их хөдөлмөрийн үр шим нь нөлөөлсөн” гэж хэлж байжээ. Тэрээр үнэхээр онцгой төвлөрч чаддагийн дээр маш тууштай уйгагүй нэгэн юм.
Дасгалжуулагч нь энэ зан чанарыг нь эцэг эхээс олгосон хүмүүжилтэй нь холбон тайлбарладаг бөгөөд өөрөө ч дуртай зүйлдээ бүх зүйлээ дайчилж, өөрийгөө зориулж чаддаг залуу гэж онцолдог байна. Магнус Карлсен хамгийн анх найман насандаа 10 настай хүүхдүүдийн ангилалд Европын идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож 6,5 оноо цуглуулснаар олны анхааралд өртөж эхэлсэн байна. Энэ үед түүнд ямар ч тусгай багш, дасгалжуулагч гэж байгаагүй бөгөөд зөвхөн ааваараа заалгасан суурь мэдлэгээрээ аль хэдийн мэргэжлийн тамирчин болсон өөрөөсөө ахмад хүүхдүүдийг төвөггүй ялж байсан аж. Хожим 13 наснаасаа эхлэн алдарт дасгалжуулагч Рингдал Хансены удирдлага доор бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн байна. Энэ хүртэл зөвхөн өөрөө бие дааж олон улсын хэмжээний мастерын болзол хангаад зогсохгүй 300 гаруй дээд зэрэглэлийн мэргэжлийн тоглолт хийсэн аж.
Мөн түүнийг эцэг эх гоц чадварыг нь хөгжүүлэх зорилгоор спортын тусгай дунд сургуульд оруулсан байна. Тэрээр 2003 онд Европын аварга шалгаруулах тэмцээний 14-өөс доош насны ангилалд шагналт гуравдугаар байрт орсон байна. Тэр жилдээ АНЭУ-ын Дубайд болсон нээлттэй тэмцээнд оролцож их мастерын болзлоо хангасан аж. Тайлбар Магнус Карлсен дөнгөж 15 насандаа дэлхийн чансааны аравт эрэмбэлэгдэж байсан Латвийн их мастер Алексей Шировыг буулган авснаар дэлхийн том дэвжээнд өөрийн чадвараа зарлан тунхагласан юм. Үүний дараа 2009 онд Владимер Крамник, Хикару Накамура, Майкл Адамс зэрэг элит төвшний шатарчдыг хожиж анх удаа дэлхийн шатрын чансааг тэргүүлж эхэлсэн байна. “Хэрвээ та оргилд хүрэхийг хүсэж байвал, энэ нь таныг бусдаас тусгаарлах болно гэдгийг санаж байх хэрэгтэй.”
Магнус Карлсен Энэ цагаас эхлэн Магнус Карлсен урд урьдынхаасаа ч илүү шаргуу хөдөлмөрлөж, бэлтгэл хийж эхэлсэн байна. Түүнд ирээдүйд өрсөлдөгч үгүй болох нь нэгэнт ойлгомжтой харагдаж байсан ч түүний туйлын зорилго нь ганцаар шатрын ертөнцийг эзэгнэх байсан юм. Магнус Карлсен эзэрхүү, догшин хэрнэ маш эмх цэгцтэй, довтолж тоглох хэв маяг өрсөлдөгчөө буулган авдаг байна. Өрсөлдөгчид нь заримдаа түүний эсрэг чухам ямар үйлдэл хийхээ мэдэхгүй болдог бөгөөд урьдаас таамаглаагүй маш гэнэтийн зүйлсээр бэлэг барьдаг гэж ярьдаг аж. Японы их мастер Хикару Накамура нэгэн удаа түүнийг залуу гэхэд итгэмээргүй ухаантай дээрээс нь тоглолтын үед маш айдас хүрмээр догшин харц гаргадаг гэж ярьж байжээ. Үнэхээр л Магнусын хэв маяг гэж онцгой тоглолтын арга барил байдаг бөгөөд энэ бол маш нягт довтолж тоглох зарчим аж. Олон улсын шатрын мэргэжилтнүүд түүнийг өөрийн дээд хэмжээндээ хараахан хүрээгүй байгаа гэж үздэг. Түүний нас ахих тусам туршлага нь нэмэгдэж илүү олон хувилбартай болсноор одоогийн тактик нь бүүр ч төгөлдөржих болно гэж дүгнэдэг байна. Тэрээр бүтэн жилд тухайн хувилбарыг нэг л удаа ашигладаг аж. Магнус Карлсен зөвхөн шатрын спортоос найман сая ам.долларын орлого олоод байна.
Эх сурвалж: Successtory, FIDE