Засгийн газар хөдөлмөрийн харилцаа үүссэн л бол ажилтны цалин хөлс, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлыг хуулиар зохицуулах ёстой гэж үзэж байна. Энэ саналаа Засгийн газар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгахаар хүргүүлсэн. Гэвч ажил ологогчид энэ заалтад таатай биш хандаж байгаа гэж Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайд хэллээ.
Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр /2019.03.14/ Төрийн ордонд болж байна. Төслийг УИХ-аар хэлэлцэх болсон учраас Ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байгаа аж. Өнөөдрийн хэлэлцүүлэгт Засгийн газрын төлөөлөл, МҮЭХ, Ажил олгогч эздийн холбоо болон бусад төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна.
Ажлын хэсэг Хөдөлмөрийн тухай хуулийн зарим нэг зарчмын саналд талуудын байр суур нэгдээгүй учраас зөрчилдөж байгаа заалтуудыг өөрчлөх боломжийг судалж байгаа аж.
Хуулийн шинэчилсэн найруулгад ажил олгогч, ажилчин хоёрын эрх үүргийг тэгшитгэх, хөдөлмөрийн гэрээгүй ч хөдөлмөрийн харилцаа үүссэн бол эрхээ хуулиар хамгаалуулах, төрийн оролцоог хөдөлмөрийн харилцаанд оролцох оролцоог багасгасан гэдгийг хууль санаачлагчид онцолж байна.
Хуулийн төслийн тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн байр суурийг хүргэе.
Хөдөлмөрийн хуулийг цаг үетэй нийлүүлэн шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага бий болсон. Аж ахуй нэгж , байгууллагын хүний нөөц, албан бус хөдөлмөр эрхлэлт, илүү цагаар ажиллах гэх мэт олон цоо шинэ харилцааг хуульчлах шаардлага бий болоод байна.
Хуулийн төслийг хаврын чуулганаар батлах байх. Хуульд хөдөлмөр эрхлэлтийн маргаан хуулийн байгууллагаар бус хөдөлмөрийн гэрээгээр шийдэх боломж туссан байгаа. Мөн Хөдөлмөрийн хуулийн зохицуулалтад ажил олгогч болон ажилтны эрх үүргийг тэгш хамгаалсан.
Аль нэг талынх нь эрх ашгийг чухалчлах, дордуулсан зүйл байхгүй. Одоо мөрдөж байгаа хуулиар Хөдөлмөрийн гэрээ байгуулсан л бол ажилтны эрх ашигтай холбоотой асуудлыг тухайн хуулиар зохицуулдаг. Гэвч нийгэмд хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр хөдөлмөр эрхлэх асуудал түгээмэл байгаа учраас энэ асуудлыг хуульчлах нь зөв гэж үзсэн.
Хөдөлмөрийн гэрээ байгуулсан л бол хөдөлмөрийн харилцааны хэв шинж үүссэн л бол ажилтны цалин хөлс, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулах саналыг Засгийн газар оруулсан байгаа.
Ажил олгогчдын зүгээс энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байна. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад ойлголцоод явах боломжтой гэв.