“Буянт-Ухаа 2” хорооллын түрээсийн 972 айлын орон сууцны барилгын ажил 90 хувьтай үргэлжилж, одоогоор дулаан холболт, дотор заслын ажил хийгдэж байгаа юм байна.
Энэ жил улсын хэмжээнд нийт 1542 айлын орон сууц шинээр ашиглалтад орохоос “Буянт- Ухаа 2” хороололд 972 айлын түрээсийн орон сууц баригдаж байгаа. Тус барилга ашиглалтад орсны дараа иргэдийг бүртгэж эхлэх юм. Гэхдээ одоогоор түрээсийн орон сууцыг ТОСК, НОСК-ийн аль нь хариуцаж ажиллах нь шийдэгдээгүй байна.
ТОСК-иас өгсөн мэдээллээр, түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй айл өрхийг цахимаар бүртгэж, шалгуурын дагуу эрэмбээр сонгох аж. Тодруулбал, түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, өрх толгойлсон эцэг, эх, 0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдгээрийг халамжилдаг гэр бүл, байгалийн гамшигт нирвэгдэж орон гэргүй болсон өрхийг хамруулна. Энэ нь эхний шалгуур байх бөгөөд мөн гэр хороололд амьдардаг, өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй, тогтмол орлоготой байх, орлого нь түрээс болон ашиглалтын төлбөрөө төлөөд өрхийн зардлаа хангахад хүрэлцээтэй байх зэрэг шалгуурыг тавигдана. Шаардлага хангасан иргэдийг эрэмбэлэхдээ зорилтот бүлэг тус бүрээр нь эрэмбэлнэ.
Түрээсийн орон сууцанд хамрагдах нийслэлийн иргэдийн квотыг дараах байдлаар тогтоожээ. Үүнд:
-төрийн албан хаагч 25,
-залуу гэр бүл, хувийн хэвшлийн байгууллагын ажиллагчид, хувиараа бизнес эрхлэгч тус бүр 20,
-4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх 5,
-өрх толгойлсон эцэг, эх 5,
-хөгжлийн бэрхшээлтэй иргэд 5,
-байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн 5,
-ахмад настан 15 хувь байхаар
2017 онд түрээсийн орон сууцын үнийг нийслэлд 1 м.кв нь 6000 төгрөг, орон нутагт 4500 төгрөгөөр тогтоосон.
“Буянт Ухаа 2” хорооллын 972 орон сууц нь 2-3 өрөө байртай бөгөөд ирэх зургадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
2015-2021 онд “Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд 20 мянган айл өрхийг түрээсийн орон сууцанд оруулахаар Засгийн газрын тогтоол 2015 онд гарснаас хойш эдүгээ 3000 орчим орон сууцыг түрээсийн орон сууцны зориулалтаар барьж, 1500 орчим айл түрээсийн орон сууцанд орсон тооцоо байна. Үүнээс 500 гаруй өрх айл л зохих журмын дагуу хамрагдсан судалгаа гарчээ. Гэвч үүнийг ТОСК-иас ташаа мэдээлэл хэмээн тайлбарлажээ.
1 comment
zusen zuileer mongo huulj ard irgediinhee halasiig suilagch zasgiig yaah ve?! shudraga Oyun-Erdene ee. Oyutnii zeel, tetgeveriin zeel geed busdiin halamjid baigaa humuust zeel olgoj baigaa ni shudraga uu?! Mongo huulelt bish uu!!