Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хотын дарга “Тантай танилцсандаа таатай байна. Бүгд Найрамдах Турк улс Монгол Улс хоёр нь олон зуун жилийн түүхэн найрсаг харилцаатай билээ. Үүний тод жишээ гэвэл Өвөрхангай аймгийн Орхоны хөндий дэхь Билэг хааны дурсгал, Налайх дахь Тоньюкүкийн хөшөө дурсгал зэргийг дурдаж болно. Өнгөрсөн жил хоёр хот хамтран ажиллах санамж бичиг байгуулж, улмаар манай улсад 10 ширхэг эмнэлгийн барилга барьж өгөх болсон нь хамтын ажиллагаанд маш том алхам болсон. Бид бүхэн тус барилга барих газрын асуудлыг шийдвэрлэсэн байгаа. Тиймээс эрүүл мэндийн төвүүдийг ойрын хугацаанд ашиглалтад оруулчихвал маш сайн байна” хэмээгээд саяхан томилогдон ирсэн Элчин сайдад ажлын амжилт хүсч, тусалж дэмжихээ илэрхийллээ.