Загас тэжээх гэж байгаа хүмүүс эхлээд тухайн загасанд ямар арчилгаа шаардлагатайг судлах хэрэгтэй. Тухайлбал, зарим төрлийн загасыг хамт байлгаж болдоггүй. Мөн загасны төрлөөс хамаарч хэдэн литр усанд байх нь тогтоогдоно. Эдгээр нөхцлүүдийг бүрдүүлсэн байхад таны загас эрүүл саруул байж чадна. Загас авахынхаа өмнө ус болон аквариумаа бэлдэх хэрэгтэй. Усанд загасанд хортой нитрат, нитрит, хлор гэх мэт бодис байдаг учраас аквариум, чулуунуудаа угааж цэвэрлээд ус хийж 3 хоног байлгана. Ингэхдээ мөн филтэрээ ажиллуулна. Дараа нь ургамлаа суулгаад 1 хонуулна. Усны температур 24-26° байх ёстой.
Ус.
Загасны усыг 7-10 хоногт нэг удаа усны 1/3-ийг авч шинэ ус хийх хэрэгтэй. Тэгэхдээ мөн хийх усаа 1-2 хоног бэлдэх шаардлагатай. Эсвэл тусгай бэлдмэлүүд байдаг бөгөөд усыг хонуулалгүй шууд хэрэглэж болдог. Усны температур загаснаас шалтгаалан янз бүр байна. Жишээлбэл, алтан загас 20°-оос доош хэмд байдаг. Зуны цагт өрөөний температурт байж болно. Бусад загаснууд ихэвчлэн 24-28°-д байдаг. 24°-аас доош байж болохгүй. Хайрга. Хайрга нь янз бүрийн ширхэг өнгө хэлбэртэй байх ба хүрэн хайрга аквариумыг илүү байгалийн мэт харагдуулах болно. Мөн загасны ялгадас хоолны үлдэгдлийг хөвж бохирдохгүй байхад хэрэгтэй. Мөн ургамал ургах хөрс болдог ба илүү амьд харагддаг. Хайргыг дор хаяж 4-5 см дэвсэж өгөх хэрэгтэй. Хайргийг цэвэрлэхээр бол хайрга цэвэрлэдэг тусгай шаланкаар цэвэрлэсэн нь зүгээр.
Гэрэлтүүлэг.
Юун түрүүнд аквариумд таг зайлшгүй байх хэрэгтэй. Энэ нь шороо тоос орох, ус уурших, дулаан алдахаас сэргийлдэг. Аквариумын загас, ургамал болгонд гэрлийн хэрэгцээ өөр өөр байдаг. Гэрлийг дээрээс нь тусч байхаар таганд байрлуулдаг.
Аквариум.
Аквариумын шилийг долоо хоногт нэг удаа цэвэрлэж байх хэрэгтэй. Гэрлийг өдөрт 10-аас дээш цаг асааж болохгүй. Хэрэв удаан асаавал ус замагтана. Хэрэв гэрэл их хурц бол 5-аас илүү цаг асаах хэрэггүй. Гэхдээ гэрэл сайн байх тусам ургамал сайн ургадаг.
Хооллолт.
Загасыг өдөрт нэг удаа хооллох хэрэгтэй. Эсвэл маш багаар олон удаа хооллож болно. Хоолыг ихээр өгөөд байвал ус булингартаж эхэлдэг. Загасанд нэг л төрлийн хоол өгөөл байвал өвчин тусдаг. Өөрөөр хэлбэл, дотоод эрхтэн нь томордог байна. Боломжтой бол хоёроос дээш төрлийн хоол өдөр өнжиж өгч болно.
Агааржуулагч.
Аквариумд агааржуулагч зайлшгүй байх шаардлагатай. Олон загас байх тусам агааржуулагчаа удаан ажиллуураарай.
Загасны үржил.
Загас хоёр янзаар үрждэг байна. Амьд зулзага болон түрс шахах. Зулзагалах гэж байгаа загасыг 3-10 литрийн саванд хийж тусгаарлана. Бунтбарш төрлийн загас нь зулзага болон түрсээ иддэг учир дор нь заавал тор тавина. Мөн ургамал хийнэ. Учир нь ургамлаас хүчилтөрөгч ялгардаг тул төрөх загасанд хэрэгтэй юм. Загасны аквариум нь орчныг гоё сайхан харагдуулаад зогсохгүй өөр олон талын ач тустай. Өнөөдрийн бидний завгүй, стресстэй өдөр тутмын амьдралд эмгүй эмчилгээ л гэсэн үг. Нойргүйдэл, мэдрэлийн ядаргаа, сэтгэл гутрал зэрэг олон өвчнийг загас тэжээснээр анагааж болох юм. Эрдэмтэд хүн усан доторх дүр зургийг ажиглах үед эндорфин хэмээх гормоны түвшин нэмэгддэгийг тогтоожээ. Энэ гормон нь хүний ядаргааг тайлж, цусны даралт бууруулж, сэтгэлийн зовиур шаналгааг арилгах нөлөөтэй.