Иргэдийн даршилсан ногооны хэрэглээ сүүлийн жилүүдэд эрс ихсэхийн зэрэгцээ янз бүрийн нэр хаягтай бүтээгдэхүүнүүд худалдаанд гарах болсон. Гэвч тэдгээр нь үнэхээр чанарын шаардлага хангадаг эсэх, ямар орчинд хийгддэгийг хэрэглэгчид тэр болгон анхаарч сонирхдоггүй. Харин мэргэжлийн байгууллагууд л үүнд хяналт тавьж, шалгалт хийснээр олон нийтэд зарим мэдээлэл нээлттэй болж байна. Тухайлбал, өмнө нь бид дуяа, дүпүний үйлдвэрийн зөрчлийн тухай мэдээлсэн. Тэгвэл мөн кимчиний цехэд хийсэн шалгалтын талаар НМХГ-аас мэдээллээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 47 дугаар байранд иргэн Д-ийн эрхлэн явуулдаг “FAMILY” кимчиний цехид хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус газар нь мэргэжлийн хяналтын байгууллагын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгүүлээгүй хүнсний үйл ажиллагаа эрхэлж, нийтийн орон сууцанд хүнсний үйлдвэрлэл явуулж байсан аж. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэн Д-д торгуулийн арга хэмжээ ногдуулж, цаашид үйл ажиллагаа явуулахгүй байх талаар албан даалгавар хүргүүлсэн байна.