УЛСТӨРЧДИЙН КАССНЫ МАШИН БОЛСОН ТӨРИЙН БАНК, ЗАХИРАЛ Д.БАЯРСАЙХАНЫ ХЭРЭГ ЮУ БОЛОВ?
Өнгөрсөн хугацаанд нийгэмд дуулиан тарьж байсан албан тушаалын хэргүүд түрүүчээсээ чимээ аниргүйхэн дарагдаж байна. Тухайлбал, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжианшинфа” ХХК гэх нэртэй автозамын компанид 20 тэрбум төгрөгийн зээлийг ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр олгосон гэх хэрэгт Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайхан шалгагдаж, цагдан хоригдоод байсан. Гэвч удалгүй хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүйгээр амар сайхандаа жаргаж мань хүн тааваараа ажлаа хийсээр явна. Мань захирлыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн хүн гэгддэг бөгөөд олон олон хуульчийг бэлтгэн гаргадаг хувийн сургуультай эрхэм гишүүний шавь нар, төгсөгчид нь Монголын өнөөгийн хууль хүчний байгууллагын удирдлага, гол сэнтийд заларч асуудлыг нь шийдээд өгчихдөг гэх мессэжийг ойрын хүрээнийхэн нь ярьдаг. Тэр гольдролоороо Д.Баярсайхан захирлын холбогдсон хэргийг замхруулж эхэллээ гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Нөгөөх иргэн бүрт тэгш үйлчлэх ХУУЛЬ тань хаачив. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн I сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Бум-Эрдэнэ, БСШУСЯ-ны харьяа “Шинэ эхлэл” лаборатори сургуулийн захирал Л.Эрдэнэ нар бусдаас 10 сая төгрөгийг хахууль авсан үйлдэл дээрээ баригдаж ял сонссон. Авлигын хэрэг авсан мөнгө, албан тушаалын зиндаанаас хамаарч зүйлчлэл нь ялгаатай байдаггүй байлтай.
Уг нь Төрийн банкны захирал Д.Баярсайханы холбогдсон 20 тэрбумын хэргийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар баримт нотолгоотой нь олны анхаарлын төвд оруулж, хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгч байсан. Гэтэл эл хэрэг яг ямар шатандаа яваа талаарх мэдээллийг хуулийнхан тас нуучихсан байх юм. Угтаа эл 20 тэрбум төгрөг бидний татварт төлсөн мөнгө учраас Монгол Улсын иргэн бүр энэ асуудлын учрыг мэдэж асуух эрхтэй гэсэн үг. Яг үнэндээ Төрийн банк нам дагагсдын орогнох газар болж хувирсан. Уншигчид анзаарсан бол 2012-2016 онд гудамжинд лааз өшиглөж явсан хэсэг бүлэг нөхөд тус банкны удирдах албан тушаалд ямар ч шалгуургүйгээр очиж дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэхийг жинхэнэ утгаар нь хангалттай харуулсан. Ганц жишээ гэхэд тус банкны тэргүүн дэд захирал Д.Ганбаатар, гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн нар 4.7 тэрбум төгрөгийн зээл олгохдоо эрх мэдлээ урвуулж 98 000 ам.доллар авсан гэх хэрэгт холбогдсон явдал бий.
Мэдээж дарга, захирлууд нь ийм хэрэг өдүүлсэн байхад теллерүүд бас яаж зүгээр байх вэ гээд 60 гаруй хүний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгөнөөс завшсан, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт буруутгагдаж цагдан хоригдож байсан удаатай. Уг нь шударга гэх тодотголтой Ерөнхий сайд У.Хүрэлсүх авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагч, дарга, захирлуудыг төрд ойртуулахгүй хэмээн даналзаж байсан цаг саяхан. Тиймээс улстөрчдийн кассны машин болсон Төрийн банк захирал нэрээр зуу зуун хүнийг сая саяар нь цалинжуулж, мөнгө угаах гэдгийг утгаар нь гүйцэлдүүлж байна уу гэдгийг дорвитойхон шалгаад өгөөч.
Үнэндээ Монгол Улсын хамгийн олон захиралтай, хамгийн өндөр цалинтай байгууллага бол Төрийн банк хэн хүнгүй мэдэх болсон. Ерөнхий захирал Д.Баярсайхан сард 18 сая, жилд 216 сая төгрөг, гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн сар бүр 15 сая, жилд 180 сая төгрөг, гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Д.Ганбаатар 12 сая, жилд 144 сая төгрөгийг цалин нэрээр халаасалж суудаг. Түүнчлэн сар бүр 8-12 сая төгрөгийн цалин авдаг 3 орлогч захиралтай. Тэдний доор чиглэл хариуцсан 7 захирал, тэдгээрийн дор 15 газар бий бөгөөд бүгд захирал гэх статустай, мөн төдий дайны цалин пүнлүүтэй гэж байгаа. Д.Баярсайхан захирлын сарын цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даруй 75 дахин их байгаа юм. Түүнчлэн ерөнхий захирал Д.Баярсайхан, гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн, гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Д.Ганбаатар нар албан хэрэгцээндээ LEXUS-570 автомашин унаж тансагладаг гэдгийг ч хэвлэлүүд удаа дараа шүүмжилсээр байгаа. Харамсалтай нь эл тансаглалыг танах эрх мэдэлтэн даанч алга. Ийм машины зах зээлийн үнэлгээ, дээрээс нь бензин, тос гээд дэндүү хайран зардал эргэж нийлэхгүй гол мэт урссаар. Саяхан захирлуудынхаа тансаг машинуудад “Секуд” ХХК-аас 34.210.000 төгрөгөөр дугуй худалдан авч сольсон явдалд иргэд ихэд шүүмжлэлтэй хандсан. Гэлээ гээд юу ч өөрчлөгдөөгүйгээр үл барам эрхэм захирлуудын идэх уух, босч суух зардал, хэрэглээний төлбөр эргэж төлөгдөх нөхцөлгүйгээр Төрийн банкнаас урссаар байна. Сүүлдээ даам гарчихсан нөхдийн орооцолдсон хэрэг ч дарагдаж, огт байгаагүй мэт мартагдаж эхлэв. Тиймээс улс төрчдийн мөнгө идэх хамгийн том сувгуудын нэг болсон энэ банкны асуудлыг анхааралдаа авах цаг нэгэнт болжээ. Намын томилгоогоор нэр дэвшээд унасан, сонгуульд нь ажиллаж сохор зоосны өглөг авлагатай болсон мэргэжлийн бус нөхдийг удирдах албан тушаалд тавьж ам хаадаг, нарийн ярьвал дараагийн сонгуулийнхаа мөнгийг босгодог увайгүйтэл Төрийн банкинд газар аваад байгаа юм биш байгаа. Эцэстээ татвар төлөгчдийн мөнгийг ийнхүү бохирын хоолойгоор урсгасаар хүчээр дампууруулж, хэн нэгний халаасанд хувьчлал нэрээр шидэх бэлэг болгох хөгийн сценари ч бичигдсэн байж мэдэх юм.
1 comment
Sain shalgaa ene bol mash tom asuudal