Чөлөөт бадаглал зүйн “эцэг”, зарим тохиолдолд орчин цагийн яруу найргийг үндэслэгч гэгддэг Уолт Уитмэн (1819-1892)-тэй манай уншигчид хагас зууны өмнө танилцсан байдаг. Түүний хамгийн цуутай бүтээл болох “Өвсний навч” түүвэр нь тэртээ 1964 онд Д.Гомбожавын орчуулгаар монгол хэлнээ хэвлэгдсэн нь бий.
Америкийн болон англи хэлт найрагчдын дундаас, ерөөс шинэ цагийн гэгдэх найрагчид дотроо хамгийн нэр хүндтэй туурвилчдын нэг болох энэ эрхмийн 128 жилийн өмнө өгсөн нэгэн багашаархан яриаг энэ удаагийн “Ховор яриа”-гаар онцолж байна.
Уг ярилцлага/тэмдэглэл тухайн үед Нью Жерсийн Улсын үлгэр жишээ болон ердийн сургалттай сургуулиудын холбоо нэртэй байсан, өдгөө Нью Жерси мужийн Төв коллеж гэгдэж буй их сургуулийн “The Signal” хэмээх оюутны сонины 1888 оны хоёрдугаар сарын дугаарт хэвлэгджээ.
Сонирхолтой нь энэхүү ховор нандин ярилцлага 2005 он хүртэл дээрх сургуулийн номын санд тоосонд дарагдан байсныг англи хэлний ангийн оюутан Николь Кукавски гэдэг бүсгүй санамсаргүй олж, 2006 оны тавдугаар сараас бүрэн эхээр нь цахим сүлжээгээр тараасан байна.
Энэ ярилцлага хэдийгээр Уитмэн найрагчийн хэвлэлд өгсөн ганц яриа биш ч уран зохиолын амьдралыг сонгосон залууст өгсөн зөвлөгөө гэсэн утгаараа өнөө ч үнэ цэнэтэй юм. Ярилцлагыг “The Signal” сонины газрыг 1885 онд үүсгэн байгуулсан хоёр оюутан цугтаа авч, тэмдэглэжээ.
Нью Жерсийн Камден хотноо Микль нэрт гудамж руу харсан нэгэн жижигхэн байшинд гагц билиг оюун, онгод авьяас юугаараа амьдарч буй, XIX зууны ямар ч зохиолч, бичгийн мэргэдээс илүү яруу найргийн ухааныг шинэтгэсэн эрхэм бээр аж төрдөг билээ.
Үс нь бууралтаж, нас сүүдэр нь хэвийсэн хэдий ч зүс царай нь гэрэлтсэн хэвээр буй тэр хүн бол Уолт Уитмэн юм. Эдүгээ түүн шиг дэлхий даяар нэр алдар олсон яруу найрагч нэг ч байхгүй гэвэл дэгсдүүлсэн болохгүй.
Миний бие Фрэнсис Б.Ли 1886 онд “Модель” сургуулийг төгссөн Жорж Уорманы хамт хэдэн өдрийн өмнө ноён Уитмэнтэй уулзаж, түүнээс Нью Жерси мужийн улсын их сургуулиудад суралцаж буй, эрдэм номын мөр хөөх чин хүсэлтэй, цаашлаад зохиолч болох эрмэлзэлтэй оюутан залууст ямар зөвлөгөө өгөхсөн бол гэж асуусан юм. Өвгөн найрагч ил галын дэргэдэх том гэгчийн царсан сандал дээрээ сууж байлаа.
Өглөөний тунгалаг гэгээнд элдэв ном, бичиг цаас, сонин сэтгүүл, захидал, навтарга, гар бичмэлээр дүүрэн өрөө нь тун ч тохь тухтай харагдаж байв. Асуулт маань найрагчид таалагдсан нь илэрхий байлаа. Тэрбээр эелдэг гэгч нь инээмсэглээд “Уран зохиолын замыг сонгосон залууст би үгээ хэлье л дээ.
Зохиол бүтээл оролддог хэнбугай ч хамгийн эхэнд өөртөө уншиж, бичих дадал суулгах хэрэгтэй. Харин үүнд дэм болох, гэхдээ ач холбогдлын хувьд хичээл зүтгэл, дадлага сургуультай бараг эн зэрэгцэх өөр нэг чухал зүйл бий нь няцашгүй, тууштай зан болов уу гэж бодогдох юм” гэсэн юм.
Уитмэн бүтээж туурвихад саад болдог бүхнээс тун зоригтой татгалзаж сурах хэрэгтэйг залуус бидэнд сануулсныг уламжилъюу. Тэрбээр сонгосон зүйлдээ бат нот итгэх, дааж авсан ажлаа бүрэн төгс гүйцэтгэх, мөн юу ч хийсэн түүнийгээ тоймлон тодорхойлж сурах зэрэг бичгийн хүний зайлшгүй эзэмшвээс зохилтой олон чадвар байдгийг онцгойлон тэмдэглэснийг нэмж хэлье.
Уран зохиолын аливаа бүтээлд хувь чанарыг нь тодотгосон хэв шинжит дүр чухал болохыг эрхэм яруу найрагч бас дурдана лээ. Чухамдаа тийм дүрүүд л номын хуудаснаа сэтгэл дотроо уудлах агаад зохиолын амин сүнс болдог учиртай гэнэ.
Энэ нь ялангуяа Америкт туйлын үнэн бөгөөд хувь хүний үзэл санааг эрхэмлэдэг, иргэн бүрийг эрх тэгш байлгах гэдэг Америкийн ард түмний суурь үзэлтэй ч яв цав нийцдэг хэмээн ноён Уитмэн өгүүлсэн. Уитмэн абугайд залуу зохиолчдод өгөх өөр гурван ч чухаг зөвлөгөө байна. “Нэгд, шүлэг битгий бич. Хоёрт, шүлэг битгий бич. Гуравт, мөн л шүлэг битгий бич гэж зөвлөе.
Та бүхэн намайг ингэж хэллээ гэж гайхаж байгаа байх. Гэхдээ өнөө цагт шүлэг найргаар санаа бодлоо илэрхийлэх онцын шаардлага үгүй болжээ. Бид хэдийгээр түмэнд хэрэгтэй зүйл хийдэг ч энэ цагийн уйт урсгалыг хоргоож тогтоох аргагүй болсон байна.
Би шүлэг бичих хүмүүсийг буруутгахгүй ээ. Гэвч уламжлалт яруу найраг биднийг өвдгөөр татсан шавар шавхайтай хутгаж орхисныг мартаж болохгүй. Бид өнгөрсөн үеийн яруу найрагчдынхаа сэтгэлгээнд баригдаж, гүн гэгчийн балчиг намагт шигдчихээд байна.
Баригдмал байсан цагт бид жинхэнэ яруу найраг бүтээж чадахгүй. Бид чөлөөлөгдөх хэрэгтэй” хэмээн түүний ярьсныг хичээнгүйлэн тэмдэглэж авснаа бид хүргэж байна. “Өвсний навч”-ийг төрүүлсэн Камдены нэрт найрагч маань бичээч, зохиолч болох хүсэлтэй эр, эм ялгаагүй залуу хүн бүрийг хаа ч явсан цаас, харандаатай яваарай гэж бас зөвлөсөн.
“Өдөр тутмын учрал тохиолоо тэмдэглэн авч бай. Эцэст нь тэр бүхэн чинь мэдлэгийн шавхагдашгүй арвин сан болно. Зуршил гэдэг хэзээд сайн зүйл байдаг. Хамгийн сайн ном ч хүний бодол санааг гүйцэхгүй. Дээр хэлсэн бүхнийг минь сайтар тогтоож авагтун. Эрдэмд оройлох тодорхой зам жим байдаггүй юм шүү” гэж тэрбээр захисан болно.
Ингэж бидний Америкаас төрсөн хамгийн гайхамшигтай, хамгийн жигтэй найрагчдын нэгтэй хийсэн багахан ярилцлага маань өндөрлөсөн юм. Эцэст нь сануулахад, Уитмэн бол өөрийнх нь хэлснээр “хүмүүний мэлмий нээгдэх буюу эсвээс шувуу жиргэхийн адил” орчлон ертөнцийг хар зөнгөөрөө таньсан, хорвоог бүтээгчийн үнэн төрхийг жир хүнээс олж хардаг, өнөөхөндөө энэ нутагт гэлтгүй ер хаа ч эн зэрэгцэх дууч үгүй хосгүй ганц найрагч юм шүү.
Эх сурвалж: Г.ЛХАГВА