Манай улсад 16 мянган хүн жилд хорт хавдартайгаа тэмцэн амьдардаг. Эдгээр хүмүүсээс нэг жилийн хугацаанд 4000 орчим нь бурхны оронд очдог аж. Тодруулбал 2015 онд 3999, 2016 онд 4112, 2017 онд 4004 хүн хорт хавдар өвчний улмаас нас барсан харамсалтай баримт байна. 2016 онд хорт хавдрын 5991, 2017 онд 6073 шинэ тохиолдол илэрчээ. 2018 онд 5591 хүн хорт хавдартайаа мэджээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд 18 мянга орчим хүн хорт хавдартай гэж оношлогдож 12115 нь нас баржээ. Өнөөдөр 16000 орчим хүн амьдралынхаа бүхий л нөөц бололцоог хорт хавдраа ялан дийлэхийн тулд зориулан аж төрж байна. Гэр бүлийн нэг гишүүн хорт хавдраар өвдөхөд түүний эргэн тойрны 10 хүн / хамгийн багаар /сэтгэл санаа, санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй нүүр тулдаг гэж үзвэл 2015 оноос 2019 он хүртэлх хугацаанд 190 орчим мянган хүн уг өвчний улмаас шаналан хохирчээ. Ийм тоог тооны машинд бодоод суух нь үнэхээр сэтгэл хөндүүрлүүлж, санаа зовоов. Мөнгө тооцох лугаа бодох нь яасан муухай мэдрэмж юм…
ХОРТ ХАВДАР ӨНӨӨДӨР ҮҮСЧ МАРГААШ ТАНЫ АМИНД ХҮРЭХГҮЙ
Хорт хавдар гэж эрт орой хэзээ нэгэн цагт оношлогдохгүйн тулд та өнөөдөр амьдралын хэв маягаа эрүүл зөв байлгаж, заяасан биеэ хайрлах хэрэгтэй. Учир нь хорт хавдар өнөөдөр үүсч маргааш нь таны аминд заналхийлдэггүй. Хүн бүрийн бие организм, амьдралын нөхцөл байдал өөр өөр учраас таны биед хэр хугацаанд хорт хавдар бий болохыг мянган судлаач, шидтэн эмч байсан ч хэлэхэд тун бэрх гэсэн. Хорт хавдрын үүсэх хүндрэх хугацаа нь хувь хүн бүрийн бие организмын онцлог амьдралын нөхцөл байдал хэв маягаас шалтгаалан зургаан сар, хоёр жил, 10 жил гэх мэтчилэн өөр өөр байдаг байна. Тийм учраас л эмч нар маань зөвлөгөөндөө хугацаа нарийн хэлдэггүй. Гагцхүү таны биеийг та л хамгийн сайн мэдэрч чадна. Биеэ хэрхэн хурдтайгаар элээж буйгаа тормоз гишгээд нэг бодно уу? Эрүүл мэнддээ гаргаж буй хандлагаа нэг анхаарна уу? Үүний хариулт нь таны эрүүл байх боломжийг хэлээд өгөх болов уу?
ХОРТОЙ БА ХОРГҮЙ ХАВДАР
Эмнэлэгт хандсан зарим хүмүүс ХАВДАР гэдэг үгийг сонсоод л шууд шоконд орж, мөнгөтэй нэг нь эмчийн үгийг дууслгалгүй гадаадад очсон байдаг гэсэн. Энэ үгнээс айж сандарсандаа ХОРТОЙ ХАВДАР уу ХОРГҮЙ ХАВДАР уу гэж асууж амждаггүй байна. Юуны түрүүнд та зохих шинжилгээг хийлгээд хавдар гэж оношлогдвол хортой, хоргүйг заавал эмчээсээ тодруулж, шаардлагатай бол дараагийн шинжилгээг өгөх хэрэгтэй. Учир нь хоргүй хавдар таны амь насанд аюулгүй. Хортой хавдар мэдээж аюултай. Хоргүй гэж хэлдэг шалтгаан нь маш удаан хугацаанд томордог, бусад эрхтнүүддээ халдварлан үсэрхийлдэггүй, хоргүй хавдар бусад эрүүл эд эсийг гэмтээхгүйгээр байж болох бүрхүүлтэй байдаг. Харин хортой хавдар бол эдгээр эерэг гэж болох зүйлсийн яг эсрэгээр нь байж хүндэрдэг. Хоргүй хавдар хортой болдог уу гэдэг асуулт олон хүнд бий. Чадлаараа хариулахад, энэ нь маш ховор тохиолдол гэсэн. Учир нь хоргүй хавдрыг богино хугацаанд эмчлээд, үгүй бол эмчийн хяналтанд байж болдог. Гэвч хоргүй тодотголтой ч хавдар болсон тул үрэвсүүлж, түүнийг сэдрээх хоруу чанартай үйлдлүүд өөрийн биедээ үзүүлсээр байвал хортой болохыг үгүйсгэхгүй гэж эмч тайлбарласан юм.
ХОРТ ХАВДРЫН ШАЛТГААНЫГ ЭМЧ НАР ХЭРХЭН ТАЙЛБАРЛАДАГ ВЭ?
Манай улсад элэг, ходоод, умайн хүзүү, уушги, улаан хоолой, бүдүүн шулуун гэдэс, хөхний хорт хавдар хамгийн их байна. Та өөрөөсөө, Тамхи татдаг уу? Архи уудаг уу? В,С вирустэй юу? Илүүдэл жинтэй юу? Суурь өвчин бий юу? Удамд тань хорт хавдраар өвдөж байсан хүн байгаа юу? Хелико бактертэй юу? зэрэг асуултуудыг асуугаарай. ТИЙМ гэж хариулж байвал урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж хорт зуршил, буруу дадлуудаасаа салах хэрэгтэй. Аливаа өвчин үүсч хүндрэхэд цор ганц шалтгаан нөлөөлөх нь ховор юм шиг байгаа юм эмч нарын тайлбараар. Цөөнгүй хүчин зүйлс багагүй хугацааны дамтамжтай нөлөөлсний дараа өвчин үүсдэг. Мэдээж хорт хавдар яг юунаас болж байгааг мэддэг байсан бол анхнаасаа хорт хавдрыг үүсгэхгүй байж болох байх.
ХОРТ ХАВДРЫГ ХЭЗЭЭ ИЛРҮҮЛЭХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ
Манай улсын хэмжээнд жилд шинээр илэрч буй 6000 орчим хорт хавдрын 80 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна. Энэ нь эмчлэгдэх боломж 20 хувь л үлдсэнийг заадаг. Уг нь хорт хавдрыг бага дээр нь илрүүлээд авбал та түүнээс болж үхэхгүй. Алтан гартай эмч нар анагаахын ололтоор та бүрэн эдгэрэх боломжтой. Элэгний хорт хавдрыг эрт үед нь илрүүлчихвэл 15 минутанд түлж эмчлээд маргааш нь та ажилдаа гараад явах боломжтой гэж эмч нар жишээ татдаг. Хорт хавдар гэж оношлогдоод эдгэрч илааршсан мянга мянган жишээг хавдар судлалын үндэсний төвийн эмч нар хэлдэг. Гол нь эрт үед нь илрүүлэх хэрэгтэй. Өвчнийг эрт үед нь илрүүлнэ гэдэг эв эрүүл, ямар ч зовиургүй хүн эмнэлэгт хандахыг хэлэх байх. Биенд зовиур шаналал эхэлсэн хойно эмнэлэгт ханддаг бидний зуршил л өвчинг хүндрүүлж, эмчлэгдэх боломжийг багасгаад байгаа юм билээ. Одоо эрүүл мэндийн даатгалаар урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийж байгаа тул та амжаад үзүүлээд авах хэрэгтэй. Нэг тогооноос хоол идэж байсан эхнэр, эсвэл нөхөр нь ходоодны хорт хавдар гэж оношлогдчихоод байхад нөгөөх нь өөрийгөө эрсдэлтэй гэж ойлгоод шинжилгээ өгчихгүй юм гэж нэгэн лут эмч шаналсан байна лээ шүү.
БИ Ч ЭМНЭЛЭГТ ОЧИХ ДУРГҮЙ
Эмнэлэгт очих дуртай хүн тийм ч олон биш байх. Шалтгаан нь өвчин илрэхээс айдаг. Уг нь бол маш олон эмч судлаачдын хүсэл зорилгоор бол эмнэлэг гэдэг газар эрүүл амьдрах зорилго өвөрлөсөн эрүүл хүмүүсийн очдог газар байх ёстой юм шиг байгаа юм. Миний бөөр эрүүл байна уу? Миний элэг хэвийн байна уу? гээд эмчээс асууж мэдээд л хэрхэн эрүүл амьдарсаар байх вэ гэдэг зөвлөгөө аваад л… Гэтэл бүгд өвчнөө хүндрүүлснийхээ дараа эмчид ханддаг учраас эмнэлэг өвчтэй хүмүүсээр дүүрдэг байна. Ер нь эмнэлэгт очиж биеэ эрүүл байна уу гэж үзүүлээд гарах, өвдөж очоод хэвтээд үлдэх хоёроос та сонголтоо хийх эрхтэй! Нас ахих тусам хэвтээд үлдэх магадлал өндөр. Харин залуу насандаа бол эрүүл гэдгээ мэдээд, мэдрээд гарвал та өөрийн биеэ улам л хайрлах болно. Ер нь айдастайгаар биеэ чагнаж суухын оронд зоригтойхон шиг шинжилгээ өгчихөөд эрүүл гэдгээ дуулах чинь асар их баяр баясгалан ба биеэ хайрлан тордох шалтгаан болдог.
БИДНИЙ БУРАНГУЙ ХАНДЛАГА
Эмч нарын толгойны өвчин бол бидний хандлага. Хорт хавдар гэж оношлогдчихоод сүлжээний эм бэлдмэлээр эмчлэнэ гээд хэсэгтээ л алга болдог гэсэн. Тэгээд бие нь бүр дордоод эмчлэгдэх магадлал нь багасч хугацаа алдсаныхаа дараа эргээд ирдэг гэж байгаа юм. Энергээр эмчлэх гэж бас цөөнгүй хэсэг нь эмч нараас зугтдаг байна. Мөн хорт хавдрын хагалгааны хугацааг эмчийн хэлснээр биш ламын зөвлөснөөр орно гэж зүтгэж мөн л асуудал үүсгэдэг гэсэн. Гэтэл хорт хавдар цаг минут секундаар томрон тархаж, үсэрхийлж байдаг өвчин. Хамгийн гол нь цаг алдахгүй эмчлэх шаардлагатай.
ХҮҮХДҮҮД ХОРТ ХАВДРААР ӨВДӨӨД БАЙГАА ЮУ?
Хорт хавдар залуужиж байна, монголчууд түүнд идүүлж байна, залуучууд өвчилж байна гэж шуурхаасаа илүү бодит мэдээллийг мэддэг байх хэрэгтэй. 2017 онд улсын хэмжээнд 122 хүүхэд хорт хавдраар өвджээ. Үүний 74 нь буюу 60.7 хувь нь хөвгүүд, 48 нь буюу 39,3 хувь нь охид байжээ. 2016 онтой харьцуулахад 14 хүүхдээр өвчлөл нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Насны ангиллын хувьд 0-4 насныхан 39,9, 5-9 насныхан 24,6, 10-14 насныхан 18,9, 15 – 19 насныхан 17,2 хувийг тус бүр эзэлж байгаа статистикийг ХСҮТ –өөс гаргажээ. Энэ нь 0-4 насны 100.000 хүүхдийн 13 нь, 5-9 насны 100,000 хүүхдийн долоо нь, 10-14 насны 100.000 хүүхдийн найм нь, 15-19 насны 100.000 хүүхдийн 13 нь хорт хавдраар өвсөн үзүүлэлт юм байна. Хүүхдүүд лимфойд лейкеми болон тархи, мэдрэлийн хорт хавдраар хамгийн их өвдөж байгаа юм байна. Тодруулбал лимфойд лейкеми гэх хорт хавдар 30 хувь, тархи мэдрэлийн системийн хорт хавдар 10 хувь, ходжкины бус лимфома ес, ясны хорт хавдар найм, элэгний хорт хавдар 5,7 хувийг тус бүр эзэлж байгаа ба бусад төрлийн хорт хавдар 37 хувийг нь эзэлж байгаа аж.
ХОРТ ХАВДАР УДАМШДАГ УУ?
Хүний удамшлын мэдээлэл хадгалагддаг хромсом дотор хавдрын ген оршиж байдаг гэж ХСҮТ-ийн Ерөнхий мэс заслын клиникийн удирдагч, Монголын ходоодны хавдрын нийгэмлэгийн тэргүүн Я.Эрдэнэ-Очир хэлсэн байсан. Өөрөөр хэлбэл хорт хавдар удамших боломжтой. Тийм учраас хэрвээ таны аав уушгины хорт хавдраар өвдөж байсан бол та ядаж л өөрийгөө тамхи татаж болохгүйг ухамсарлах ёстой юм билээ. Тодруулбал таны генд байж болох тэр хавдрын мэдээллийг идэвхижүүлэх зан үйлээс насан туршдаа хол байх ёстой.
АДГИЙН МУУХАЙ АРХИ ТАМХИ ХОЁР
Та архийг балгахад архи таныг зажилж эхэлдэг. Залгихад бэлдэх лугаа… Тамхийг та сорж буй мэт боловч таны уушгийг тэр сорж байдаг. Балга архи, ширхэг тамхины хэрэглээгээ хоног хугацаандаа үржүүлэх нь таныг гайхшруулна. Өдөрт таван ширхэг тамхи *20 жил =36500 ширхэг тамхи. 40 жил татаж байгаа бол 73.000 болох нь. 36500 ширхэг тамхийг та нэг дор цуглуулснаар төсөөлөөд нэг үз дээ? Баасан гариг бүхэнд 500 гр архи уудаг * 20 жил= 480 литр. Хагас тонн архи… Үүнээс цааш тайлбарлахад бэрх юм. Энэ тоо хэр их гарна энэ нь таны өвдөх эрсдэлийн хэмжээг заана. Өвчин бүхний гол шалтгаанд архи, тамхи нэг номерт багтдаг. Үзэн ядмаар… Элэгний Чинбүрэн эмч Тусгал.мн мэргэжлийн цахим сонинд 2016 онд ярилцлага өгөхдөө ингэж хэлсэн байдаг юм. Шарталтын зовиур элэгнийхээ 60 хувийг тайруулсан мэс заслын дараах үетэй яг адилхан гэж… Та дараах https://nlic.mn/eruulmend/khavdar линкээр орж хорт хавдрын даатгалын талаар мэдээлэл авах боломжтой.
Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин
2 comments
эрт оношдуулах гэхээр эмч эмнэлгийн ажилтнууд юу яриаад байгаа юм бэ? гэж хүлээж авдаггүй юм байна лээ. дүүргийн эмнэлгүүд бичиг хийж өгөхгүй ХСҮТ ачаалалтай байдаг эмч нар нь загнана гэж шинжилгээ өгүүлэхгүй байна. хүндэрсэн хойно ир гэж байх шиг байна лээ.
ЭРТ ОНОШЛУУЛААД ОЧИХООР ЖИЖИГ БАЙНА ГЭЖ ХЭЛЭЭД БУЦААДАГ ЖИШИГ ЯЛАНГУЯА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 3-Р ШАТЛАЛЫН БҮХ ЭМНЭЛЭГ ХЭЛЖ БАЙНА. САЙДАА.