Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 668 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн ослын улмаас нийслэл хотод 17 хүн гэмтэж бэртэн, орон нутагт таван хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд гарчээ.
Тухайлбал, Сэлэнгэ аймагт Тоёота Axio маркийн автомашин гарамгүй газар хориг хашааг дайрч улмаар төмөр замын хоорондын замд явсан 3503-р галт тэргэнд мөргүүлсэн байна. Галт тэрэг яаралтай тоормос хийж зогссон учраас хүний амь нас эрсдээгүй аж. Явган зорчигч, тээврийн хэрэгслийн жолооч нар төмөр замын гармаар хөндлөн гарахдаа амжиж гарч чадна гэдэг байдлаар хөнгөмсөгөөр найдаж, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй байдаг тул хаалт, гэрэл болон дуут дохио ажиллаж байгаа, галт тэрэг ойртон ирж байгаа тохиолдолд гармын өмнө хүлээж өнгөрүүлэх, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Мөн ТЦА-ны алба хаагчдаас гудамж замд хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 268 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Үүний 52 хувь нь буюу 140 нь ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, гуравдугаар сарын 8-ны өдөр бусад өдрүүдтэй харьцуулахад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гурав дахин нэмэгджээ.