Бээжин хотын Ардын их хурлын ордонд мягмар гарагт БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын 13 дахь удаагийн чуулган эхэлсэн.
Чуулганы эхэнд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Засгийн газрын үйл ажиллагааны тайлан илтгэлийг танилцуулж, Засгийн газрын өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлуудыг дүгнэж, 2019 онд Хятадын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн зорилго, чиглэлийг танилцуулсан байгаа.
Энэ үеэрээ тэрбээр 2019 онд БНХАУ-ын ДНБ-ий өсөлтийг 6-6,5 хувьд барина гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн 2018 онд тус улс ДНБ-ий өсөлтөө 6,8 хувь гэж тогтоож байсан ч 6,6 хувьд хүрсэн нь сүүлийн 28 жилийн хугацаанд гарсан хамгийн бага өсөлт болжээ.
Харин энэ жил 6 хувийн босго тогтоож байгаа нь сүүлийн 30 жилийн хугацаанд тогтоосон ДНБ-ий хамгийн доод өсөлт болохоор байгаа юм.
Хятадын эдийн засгийн өсөлт ийнхүү саарч байгаа нь дэлхийн бүс нутгуудад харилцан адилгүй нөлөөлж байна. Тухайлбал, Австрали, Бразил, Канад, Индонез зэрэг экспортоос хамааралтай орнуудын ДНБ-ий өсөлтөд Хятадын нөхцөл байдал сөргөөр нөлөөлж байна. Учир нь сүүлийн хэдэн жилийн турш дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол эх сурвалж болж байсан Хятад улсын эрэлт хумигдаж байгаа юм.
Тус улсын эдийн засгийн өсөлт саарсан бас нэгэн шалтгаан нь АНУ-тай худалдааны дайн хийж байгаа явдал. Энэ дайн Хятад улсаа супер хүчирхэг гүрэн болгох эрмэлзэлтэй Төрийн тэргүүн Си Жиньпиний хамгийн эмзэг цэг болоод байгаа тухай Германы “Die Welt” сонин өгүүлжээ.
Улс орныхоо сул талыг барагтай бол дэлгэдэггүй Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян ч чуулганы үеэр АНУ-тай хийж буй худалдааны дайн эдийн засагт сөргөөр нөлөөлж байна гэдгийг хүлээн зөвшөөрч “Хятад, АНУ-ын хоорондын худалдааны маргаан зарим компанийн үйлдвэрлэл болон ажил хэргийн үйл ажиллагаа, зах зээлийн хүлээлтэд сөргөөр нөлөөлж байна” гэжээ.
Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян мөн “Хятадын эдийн засагт ирэх дарамт шахалт цаашид нь үргэлжлэх, өсөлт саарах, үр ашигтай хөрөнгө оруулалт буурах хандлагатай байна” гэсэн байна.
Ли Көцяны хэлсэн энэ үг Бээжин, Вашингтон худалдааны гэрээ байгуулахад ойртоод байна гэсэн мэдээлэлтэй нийцэхгүй байгаа тухай “Business Insider”-т тэмдэглэжээ. Бээжингийн зүгээс АНУ-аас импортолж буй хөдөө аж ахуй, химийн бүтээгдэхүүн, автомашин болон бусад бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг бууруулах санал тавиад байгаа. Харин Вашингтон өнгөрсөн онд Хятадын бараа бүтээгдэхүүнд тавьсан ихэнх хоригоо цуцлах асуудлыг авч үзэж байгаа гэж “The Wall Street Journal”-д бичжээ.