ЭХЭМҮТ-ийн ХЗП-ийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын кабинетийн эмч М.Дашаа
Өтгөн хаталт Хоёр ба гураваас олон хоногоор өтгөн саатаж, хатуу төлөвтэй, бага хэмжээгээр дүлүүлж, дутуу гарах шинжийг өтгөн хатах гэнэ. Доорхи шинж тэмдгүүд өтгөн хаталтыг илтгэдэг: Долоо хоногт хоёроос цөөн удаа хүндээр бие засах
• Хүндээр бие засах үед нийт хугацааны 25 хувийг дүлэхэд зарцуулах буюу хүчтэй дүлэлтээр өтгөн гадагшлах
• Өтгөн хоргол хэлбэртэй, хатуу, хуурай гарах
• Хүндээр бие зассаны дараа дутуу хүндэрсэн мэт санагдах Өтгөн хаталтын шинжүүд:
• Өөрт шаналгаатай дүлнэ
• Хүндээр бие зассаны дараа санаа амарч өгөхгүй, гэдэс суллагдаагүй мэт санагдах
• Хатуу, бага хэмжээтэй, эсвэл хорголоор бие засах
• Цөөхөн удаа хүндээр бие засах
Хийгдэх эмчилгээнүүд:
Эмийн болон эмийн бус эмчилгээ хийнэ. Эмийн эмчилгээг эмчийн зөвлөгөөгөөр хийнэ. Ингэхдээ эмчилгээнд хоолны дэглэм чухал. Өтгөн хаталтын үед эмчилгээний хоол №3-ыг өгнө. Өдөрт дөрвөөс зургаан удаа хооллоно. Хоногийн хоол 2900-3000 ккал илчлэгтэй, түүнд агуулагдах уургийн хэмжээ 90-100 грам, нүүрс ус 400-450 грам, өөх тос 90-100 грам, давс 8-10 грам, уух шингэн 1,5-2 литр байхаар зохицуулна. Хоолыг буцалгах, жигнэх аргаар бэлтгэнэ. Эмчилгээний журмаар өглөө бүр буцалсан хүйтэн бүлээн ус, рашаан уух, өдөр бүр жимс, ногоо идэх ба хоногт хэрэглэх хүнсний ислэгийн хэмжээ 25-30 грам байх ёстой.
Хэрэглэж болох хүнсний бүтээгдэхүүн:
• Гурилан бүтээгдэхүүн: Хүнсний ислэгээр баялаг, бүдүүн ширхэгтэй улаан буудайн гурилаар хийсэн бүтээгдэхүүн, хивэгтэй талх, гурилан боов, жигнэмэг, хар гурил, гурвалжин болон хөц будаа, хөх тариа
• Шөл: Өөх тос багатай янз бүрийн махны тунгалаг шөл, загасны шөл, улаан манжингийн шөл, хөц болон амуу будааны шөл, цэцэгт байцааны шөл • Мах: Үхэр, тахиа, загасны махыг чанасан жигнэсэн байдлаар
• Өөх тос: Ургамлын тос, оливын тос, цөцгийн тос
• Сүүн бүтээгдэхүүн: Шар сүү, тараг
• Ногоо: Төрөл бүрийн хүнсний ногоо, ялангуяа яншуй, гоньд зэрэг навчит ногоо, цэцэгт байцаа, хурган гуа, улаан манжин, шар лууван, улаан лооль, өргөст хэмх, вандуй, байцаа • Жимс: Хар чавга, чангаанз, инжир, чихэрлэг алим, жүрж, усан үзэм
Хязгаарлах бүтээгдэхүүн:
Цагаан будаа, нарийн гоймон, дээд гурилаар хийсэн бүтээгдэхүүнүүд, дээд буюу нарийн гурилан талх, кисель, шоколад, халуун цай, кофе, мойл, какао, ээдэм, бяслаг, ээзгий, халуун сүү
Өтгөн хаталттай өвчтөний хийх дасгал:
• Дороо 30 секунд шогших, гүйх хөдөлгөөн хийх
• Мухар сандал дээр суугаад гараа мөрөн дээрээ аваад дээш өргөж, нуруугаа арагшаа гэдийлгэн амьсгал авна.
Гар, мөрөнд их бие урагш тонгойж, амьсгалаа гаргана \2-8 удаа\
• Мухар сандал дээр суугаад гараа хажуу тийш тэнийлгэж амьсгаа авна. Өвдгөөрөө махийж, баруун хөлөө өргөн гэдэс рүүгээ шахаж амьсгалаа гаргана. Зүүн хөл дээрхтэй ижил хийнэ \2-8 удаа\
• Хөлөө ээлжлэн дээш өргөж тэнийлгэнэ. Зогсоо байдалд гүнзгий амьсгалж, мухар сандал дээр гараад ардаас нь тулж хөлөө нугалж, тэнийлгэнэ \4-8 удаа\
Өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэх:
Хоол хүнсэндээ ургамлын ислэгээр баялаг бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх
• Хэвлийн болон хярзангийн булчинг хөгжүүлэх дасгал хийх, биеэ цэвэрлэх, гэдэс цэвэрлэх дасгалыг тогтмол хийх
• Эрэгтэй хүүхдийг суулгаж шээлгэж байх \босоогоор шээснээс сууж шээх нь хүндээр бие засах рефлексийг илүү өдөөдөг\ зэрэг урьдчилан сэргийлэх аргууд