Гуравдугаар сарын улс төр хэвийн биш өрнөлтэй эхэллээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн ЗГХЭГ-ын даргын ажлыг авмагцаа хийсэн хэд хэдэн алхам энэ сарын улс төрийн гол сэдэвт “Эрдэнэт” үйлдвэр багтана гэх таамгийг төрүүлж байв.
Даваа гарагт Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийн, “Монголын зэс корпораци” нь Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын 49 хувийг худалдаж авсан нийт хөрөнгийнхөө 72.4 хувийг төрөөс, үлдсэн 27.6 хувийг Худалдаа хөгжлийн банкнаас гаргасан гээд санхүүгийн схем танилцууллаа.
“Монголын зэс корпораци” ОХУ-аас хоёр улсын Засгийн газрын хамтарсан үйлдвэрийн 49 хувийг худалдан авахдаа асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой байсан. Гэвч шийдвэр гаргах түвшинд ийм процедур явагдаагүй.
Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг “Засгийн газарт 49 хувиа худалдан авах ямар ч мөнгө байгаагүй” гэж мэдэгдээд хоёр оныг үдэж байна.
Засгийн газар болон “Монголын зэс корпораци” ХХК хоёрын дунд үүссэн үйлдвэрийн 49 хувийг УИХ хэлэлцэж, Засгийн газар шийдвэрлэх ёстой байсан, үгүй гэх маргаан гурван шатны шүүхийг дамжин хэлэлцэгдээд байгаа.
Харин “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтын ард сууж буй Худалдаа хөгжлийн банк нь шүүхэд “Монголын зэс корпораци”-той огтын хамааралгүй хуулийн этгээд гэсэн тайлбарыг өгсөөр ирсэн бол ЗГХЭГ-ын дарга “Монголын зэс корпораци” гэдэг компанийг ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг гэдэг хүн байгуулсан баримтыг дэлгээд байна.
Олон жил хөшигний ард байж, оньсого таавар шиг амьдарсан ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг ил гарлаа
ЗГХЭГ-ын дарга ийм тайлбарыг хийсний маргааш, мягмар гарагийн үд дунд баривчилгаа явагдлаа. Энд Засгийн газартай “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар маргаан өрнүүлээд удсан ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, ХХБ-ны захирал О.Орхон, “Монголын зэс корпораци”-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нар өртөв.
Хуулийн байгууллагынхан тэднийг дуулиантай саатуулж, асуудал дахин нийтийн анхаарлын төвд орж ирлээ. Баривчилгааг АТГ биш Цагдаагийн байгууллага, ЭЦГ гардан хийж, олон жил хөшигний ард байж, оньсого таавар шиг амьдарсан ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгийг олон нийтэд танилцуулав.
Гэвч Цагдаагийн байгууллага тусгай тасгаа дайчлан хийсэн баривчилгаандаа хэтэрхий хөнгөн хандаж, 24 цагийн дараа гэхэд саатуулагдсан этгээдүүдээ тавьж явуулахаас өөр аргагүйд хүрлээ.
Гэмт хэрэгт сэжиглэж байгаа этгээдийг хорьж, саатуулан шалгах Цагдаагийн байгууллагын хүсэлтийг хэргийг хянаж байгаа прокурорын байгууллага, хорих шийдвэрийг гаргах шүүх хоёр хүлээн зөвшөөрсөнгүй.
Хэтэрхий поп улстөрч үйлдвэрийн хувь заяаг эрсдэлд оруулчихгүй байгаа?
Лхагва гарагт Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоохоор шийдэж, орой нь үйлдвэрийн Тэргүүн дэд захирал, Хуулийн хэлтсийн дарга, Хуулийн хэлтсийн даргын орлогч, Ерөнхий нягтлан буюу санхүүгийн хэлтсийн дарга зэрэг найман албан тушаалтыг чөлөөлж өрөөг нь битүүмжиллээ.
Үйл явдал “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон дуулиан нэлээдгүй хугацаанд сунжрах төлөвтэйг харуулж байна.
Хоёр улсын хамтарсан үйлдвэрийн 49 хувийг хэрхэх вэ гэдгийг хамгийн түрүү улс орны хувь заяаг хэлэлцдэг УИХ шийдэх ёстой байсан. Гэвч ийм процедур явагдаагүй. Энэ нь ХХБ болон “Монголын зэс корпораци” үйлдвэрийн удирдлага, санхүүгийн эрхийг хууль бусаар авсан гэдгийг харуулж буй.
Нөгөө талд, яг одоо “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг Засгийн газрын түвшинд, төрийн төлөөлөн шийдэж, хэрэгжүүлэх эрх мэдэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн гарт төвлөрч байна.
Ийм хэмжээний эрх мэдлийг хэтэрхий поп улстөрчийн тоонд зүй ёсоор багтдаг хүнд атгуулсан нь өөрөө үйлдвэрийн хувь заяа дахин өөр эрсдэл рүү оруулчихгүй байгаа гэсэн болгоомжлолыг ч төрүүлж болов.
Энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн Ж.Батзандан ээлжит “онцгой” мэдэгдлээ хийсэн байгаа. Энэ үеэрээ “Монголын зэс корпораци”-ийн захирал Ц.Пүрэвтүвшингийн тухай:
-Монголын тэргүүн баян, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “худалдаж авсан” гэх Ц.Пүрэвтүвшин үнэн хэрэгтээ хоёр ѳрѳѳ байрны лизингтэй, дансандаа 400 сая доллар байтугай дөрвөн сая тѳгрѳггүй хүн гэж түүний тѳрсѳн нутгийнхан буюу Ховдынхон хэлж байна. Ээж нь хүртэл “хүү маань хүний гар хөл болчихлоо, хүүг маань битгий хэлмэгдүүлээрэй” гээд уйлаад явж байна гэж мэдэгдэв.
Түүнийхээр бол 20 гаруйхан настай залуу бусдын гар хөл болж яваа гэнэ. Үүнд харин Ц.Пүрэвтүвшин ямар хариулт барих нь гойд сонирхол татаж байна.
Х.Баттулгын мөрөөдөл
Х.Баттулга худалч хүнд Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн өдрөөсөө эхлэн АТГ болон бусад хууль хүчний байгууллагын удирдлагуудыг солих мөрөөдлөөр “өвчилж” явааг улс төрийн хүрээнийхэн хангалттай мэдэрдэг. Хэвлэлүүд ч энэ сэдвийг янз бүрийн өнгөөр, жил тойрон мэдээлж ирсэн.
УИХ-ын чуулган гацсан арванхоёрдугаар сарын хүйтэн өдрүүдээс хойш Ерөнхийлөгч УИХ-ын чуулганыг хуралдуулах, ээлжит бус чуулганыг хуралдуулахаар хэд хэдэн хүсэлтийг УИХ-д илгээгээд байв.
Түүний мөрөөдөл энэ удаа биелэж гуравдугаар сарын 18-29-нд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах тов гарлаа. Ээлжит бус хуралдаанаар Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ гэж УИХ-ын Тамгын газар мэдэгдэж байна.
Гэхдээ энэ нь өнгөцхөн мэдээ. Ээлжит бус чуулганы гол зорилго бол Ерөнхийлөгчийн ЗХЖШ-ын даргыг томилох, УЕП-ын орлогч, АТГ-ын дарга, дэд даргыг томилох асуудлууд байх бололтой.
Эдгээр албан тушаалууд ч аль хэдийнэ эзэнтэй болсон байгааг өнгөрөгч долоо хоногт ЕТГ-ын дарга З.Энхболд нуулгүй мэдэгдээд авлаа.
Ээлжит бус чуулган дээр УИХ-ын 23 ЖДҮ-чний тав нь баримтаа “дэлгүүлнэ”
Ээлжит бус чуулганы үеэр эрх баригч МАН, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ичээх өөр нэг асуудал сөхөгдөх төлөвтэй. Энэ нь ЖДҮ-чидтэй холбоотой бөгөөд УЕП парламентын 23 ЖДҮ-чний тавын бүрэн эрхийг түтгэлзүүлэн шалгах хүсэлтээ оруулж ирнэ гэсэн мэдээлэл түгж байна.
Гэхдээ албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, ЖДҮХС-гаас зээл авсан эдгээр гишүүдийн асуудлыг ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд багтахгүй ч байж мэдэхээр байна.
Асуудлыг хэлэлцэх асуудлын дарааллаас “шахах” эрх мэдэл УИХ-ын даргын Зөвлөлд бий. Тиймээс Прокурорын байгууллагын хичээл зүтгэл энэ удаа хана мөргөж магадгүй байна.
Эх сурвалж: ikon.mn
1 comment
Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй